Нийтэлсэн өдөр: 2020.04.12, ням
Хаврын хуурайшилттай энэ үед иргэн бүр үүргээ биелүүлж, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэн, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагахыг анхааруулж, зөвлөмж мэдээлэл хүргэж байна.Хүний хяналтаас гадуур байгальд тархан шатаж байгаа галыг ой, хээрийн түймэр гэнэ. Монгол орны газар нутгийн 8 хувийг ой эзэлдэг. Ой хээрийн түймрийн 95 хувь нь хүний хайхрамжгүй, буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй байна. Тиймээс Та Монгол Улсын иргэний үүргээ биелүүлж галын аюулгүй байдлыг хангахыг Монголын улаан загалмай нийгэмлэгээс зөвлөж байна. Ойн тухай хуулиар 3-р сарын 20-оос 6-р сарын 10, 9-р сарын 20-оос 11-р сарын 10-ыг хүртэл түймрийн аюултай үе гэж үзэх ба энэ үеэр ойд амралт, зугаалгаар явах, самар, жимс түүх, мод бэлтгэх, ил гал гаргах зэргийг хориглодог. Хууль зөрчсөн иргэнийг зөрчлийн тухай хуулиар 300 нэгж, аж ахуйн нэгжийг 3000 нэгжээр торгох шийтгэл ногдуулдаг. Ой, хээрийн түймэр болж байгааг мэдсэн тохиолдолд Онцгой байдлын 101, 105 утсанд цаг алдалгүй дуудлага өгөөрэй. Хэрвээ ой, хээрийн түймэрт өртөх аюултай нөхцөл байдалд орвол түр хорогдох байр, ухсан нүхэнд орох, галд тэсвэртэй материалтай нөмрөг ашиглах, орон гэрээ орхиж явах зэрэг яаралтай арга хэмжээг аваарай.