Нийтэлсэн өдөр: 2024.05.20, даваа
Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Бээжин хотноо ажиллаад ирлээ.
Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо болон Монголын Улаан загалмай нийгэмлэг хамтран "Зудын гамшгийн хариу арга хэмжээ - Хүмүүнлэгийн андууд” хоёрдугаар уулзалт"-ыг зохион байгуулсан юм.
Уулзалтад гадаад улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамд, Олон улсын байгууллага, Улаан загалмайн нийгэмлэг зэрэг 26 байгууллагын 40 гаруй төлөөлөгч оролцлоо.
Тус арга хэмжээг нээж, Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Зүүн Азийн бүсийн төлөөлөгчийн газрын захирал Ольга Жумаева , Монголын Улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Зүүн Азийн бүсийн төлөөлөгчийн газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын ахлах ажилтан Жэн Шиао, МУЗН-ийн Уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн удирдлагын газрын дарга Ш.Мөнгөнтуяа нар үг хэлсэн юм.
Ш.Мөнгөнтуяа, “Монгол Улсад үүсээд буй гамшгийн нөхцөл байдал, хүмүүнлэгийн тусламжийн ажлын явц, яаралтай тусламжийн санг бүрдүүлэх ажил”-ын явцын талаар мэдээлэл хийлээ.
Монгол орны ихэнх нутгийг хамарсан зудын гамшгийн улмаас учирсан хохирлын үр дагавар одоо ч үргэлжилсээр байна. Зудын улмаас улсын хэмжээнд 7.4 сая гаруй толгой мал хорогдсон нь нийт малын 11.5 гаруй хувийг эзэлж байгаа юм.
Энэ жил нийт 185 мянга гаруй өрх зудад нэрвэгдсэн бөгөөд түүнээс 5000 орчим өрх нийт малынхаа 70-аас дээш хувийг хорогдуулсан тоо баримт байна.
Монголын улаан загалмай нийгэмлэг нь нийт нутгийг хамарсан зудын гамшиг, өвөлжилт, хаваржилтын хүндрэл, цасан болон шороон шуурганд өртсөн малчид, иргэдэд хүмүүнлэгийн тусламжийг цаг алдалгүй шуурхай хүргэж, хариу арга хэмжээ авахад төрдөө дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Монголын улаан загалмай нийгэмлэгээс 11350 өрхөд 7.6 тэрбум төгрөгийн хүмүүнлэгийн тусламж олгосон бөгөөд зудын гамшигт их хохирол амссан нэг өрхөд 550 мянган төгрөгийн бэлэн мөнгөний тусламжийг Хаан банкаар дамжуулан олгоод байна.
Мөн малын эрдэс тэжээлийн багц, ариун цэврийн багц, хүнсний тусламжийг малчдад хүргэсэн.
Цаашид, нийт малынхаа 50-иас дээш хувийг алдсан малчин өрхөд амьжиргааг нь дэмжих чиглэлээр ажиллахаар бэлтгэж байна.
Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, уулзалтын төгсгөлд, хүмүүнлэгийн түншүүддээ хандан, Монголын улаан загалмай нийгэмлэгийн хүчин чадлыг бэхжүүлэх, байгалийн гамшгийн үед зорилтот бүлгийн иргэдэд хүмүүнлэгийн тусламжийг цаг алдалгүй хүргэхэд дэмжлэг үзүүлж байгаа гадаад улс орнууд, Олон улсын байгууллага, аж ахуйн нэгж, нийт иргэдэд гүн талархал илэрхийллээ.