Нийтэлсэн өдөр: 2020.04.09, пүрэв
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар, Монголын улаан загалмай нийгэмлэг, Шангри-Ла Улаанбаатар ХХК, Сонгинохайрхан дүүргийн Улаан загалмайн хороо хамтран тус дүүргийн 21-р хороо Жаргалант тосгонд “Гал түймэртэй тэмцэх сайн дурын баг” байгуулж, гал унтраах тоног төхөөрөмж, хамгаалалтын багаж, хэрэгсэл гардуулж өгөв. Тус үйл ажиллагаанд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Захиргаа, зохицуулалтын газрын дарга Э.Энхтайван, "Шангри-Ла Улаанбаатар Хотел" ХХК-ний Инженерийн хэлстийн дарга Б.Өсөхбаяр, Сонгинохайрхан дүүргийн Улаан загалмай хорооны дарга Г.Жавзандулам нарын албаны хүмүүс оролцлоо.
“Гал түймэртэй тэмцэх сайн дурын баг” нь 10 сайн дурын гишүүнтэй. Уг баг нь 21-р хороонд гарсан ахуйн гал түймэрт цаг алдалгүй хариу арга хэмжээ үзүүлэх, ард, иргэдэд галын аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгох, галын улмаас гэмтэж, бэртсэн иргэдэд анхны тусламж үзүүлэх зэрэг үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллах юм.
Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо Жаргалант тосгон хотын төвөөс 60 км зайд оршдог бөгөөд гал гарсан үед гал түймэр унтраах баг очиход хугацаа зарцуулдаг тул “Гал түймэртэй тэмцэх сайн дурын баг” нь галын осол, аюулаас иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалж ажиллах үүрэгтэй.