Өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймгуудад хүмүүнлэгийн тусламж үзүүллээ

Нийтэлсэн өдөр: 2020.04.01, лхагва


       Ус цаг уур, орчны мэдээллийн хүрээлэнгээс боловсруулан гаргасан 2020 оны 1 дүгээр сарын 2-ны “Зудын эрсдэлийн зураг”-аар нийт 8 аймгийн нутаг дэвсгэрийн 20-оос дээш хувь нь зудын нэн өндөр эрсдэлтэй гарсан тул Монголын улаан загалмай нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоотой хамтран хүмүүнлэгийн тусламж хүргэх шийдвэр гарсан билээ. Улмаар зудын эрсдэлийн зурагт үндэслэн Хэнтий, Архангай, Сүхбаатар, Өвөрхангай, Ховд, Говь-Алтай, Булган, Увс аймгийн тусламж хүртэгчдийн шалгуур үзүүлэлт хангасан 1000 малчин өрхөд бэлэн мөнгөний болон малын эрдэс тэжээлийн тусламжийг өнгөрсөн 1 дүгээр сард үзүүлсэн билээ.

Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч, ихэнх нутгаар цагаанаар зудтай болон цагаанаар зудархуу нөхцөл байдал үүссэн тул хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагааг өргөжүүлж  15 аймгийн 1750 өрхөд тусламж үзүүлэхээр ажиллаж байна. Малчдын бэлэн мөнгөний тусламжийг ХААН банкаар дамжуулж олгосон бөгөөд малын эрдэс тэжээлийн багцын тусламжийн цуваа 2020 оны 4 дүгээр сарын 1-ны өдөр орон нутаг руу хөдөллөө.

Монголын улаан загалмай нийгэмлэг өвөлжилт хүндэрсэн болон зудын эрсдэл өндөр гарсан аймгийн нийт 2750 өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүлэв.