Гамшгаас хамгаалагчид сургалтад хамрагдлаа

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба

Монгол Улсын нийт хүн амын хоёрны нэг нь суурьшин амьдардаг нийслэлд хүн амын хэт их төвлөрөлтөөс хамааран шахуу баригдсан байшин барилга, чанар нь муудсан хуучны барилгууд нь газар хөдлөлтийн үеийн эрсдэлийг улам өндөр болгодог. Улаанбаатарын бүс нутагт 2005 оноос газар хөдлөлтийн тоо огцом нэмэгдэж, Тодруулбал, 2010 онд нийслэл орчмын газар хөдлөлт 781 байсан бол 2016 онд 1260 болж нэмэгджээ. Энэ нь Улаанбаатар хотод бодит аюул учруулж болох хэмжээний тектоник тогтоц идэвхжиж эхэлж буйг албаныхан мэдээлсэн байдаг.

Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс хэрэгжүүлж буй “Аюулгүй Улаанбаатар нийслэл хот” төслийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Олон улсын улаан хавирган сар нийгэмлэгүүд хамтран “Улаанбаатар хотын газар хөдлөлтийн гамшгийн үеийн хариу арга хэмжээ” сэдэвтэй штабын дадлагын сургалтыг сурвалжилхаар Улаанбаатар хотоос 120 орчим км зайд орших Монголын улаан загалмайн нийгэмлэгийн хүүхэд залуучуудын төв зусланг зорив. Улаан загалмайн нийгэмлэгийн хүүхэд залуучуудын төв зусланд олон өнгийн туг салхинд намирч, дөрвөн асар сүндэрлэж байв. Биднийг очих үеэр штабын дадлага сургуулиалт явагдаж байсан учраас хөл хөдөлгөөн нам жим байлаа. Сургалт энэ сарын 4-6-нд үргэлжлэх бөгөөд бид хоёр дахь өдөр нь очсон юм. Монгол Улсын хэмжээнд бус зөвхөн нийслэлийн бүсэд хамаарагдах газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх үндсэн зорилготойгоороо онцлог аж.
 Нийслэлийн есөн дүүргийн  Засаг даргын  тамгын газрын дэргэдэх гамшгийн үеийн нөхцөл байдлыг хариуцсан мэргэжилтэн, дүүргүүдийн онцгой байдлын хэлтсийн орлогч дарга нар, улаан загалмайн дунд шатны хороон дарга нар, эрүүл мэндийн байгууллага, боловсролын байгууллага, одон орон геофизик судалгаа шинжилгээний хүрээлэнгийн мэргэжилтэн, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд буюу цагдаагийн ерөнхий газар, зэвсэгт хүчний жанжин штаб, хил хамгаалах ерөнхий газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар гэх мэт 79 байгууллагын төлөөл 100 орчим хүн сургалтад хамрагдаж байлаа. Тус сургалтаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэл үүссэн үед хэр хэмжээний хохирол учрах, тэр хохирлыг хэрхэн барагдуулж, яаралтай ямар арга хэмжээ авах боломж гаргалгаа хэлэлцэж, учрах эрсдэлийг тооцож, түүнээс гарах арга замыг хоорондоо зөвлөлдөв.
Бидэнд сургалтын тухай ерөнхий мэдээллийг ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын сургалт, сурталчилгаа хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ өгсөн юм. Тэрбээр “Сургалт гурван өдөр үргэлжилж байгаа. Эхний өдөр гамшгаас хамгаалах менежментийн мэдлэг олгох, хууль эрх зүйн мэдэгдэхүүн, гамшгаас хамгаалах бүтэц тогтолцоо, 2017 онд гамшгаас хамгаалах хуулийг шинэчлэн найруулсан. Нийслэлийн газар хөдлөлтийн төлөвлөгөө, Монгол улсын газар хөдлөлтийн төлөвлөгөө танилцуулсан аж. Олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудын төлөөлөл сургагч багш нар гадаад улс орон гамшгаас урьдчилан сэргийлэх туршлага, тогтолцоо, арга хэмжээ авах механизмыг хэлэлцжээ. Сургалтаар гаргасан үндсэн зөвлөмжид тулгуурлан цаашид баримтлах баримт бичиг  боловсруулах зорилготой. Улаан загалмайн нийгэмлэгийн эрх зүйн тухай хууль саяхан гарсан шинэ хууль байгаа. Эдгээр хуулиудыг хэрэгжүүлэх дүрэм журам дагалдах ёстой байдаг. Гадаад улсаас орж ирэх хүмүүнлэгийн тусламжийг хэрхэн зохицуулж, тухайн улсынхаа эрх зүйн зохицуулалттай хэрхэн уялдах ёстой гэх мэт зүйлсийг хэлэлцэж, хамтарч ажиллаж байна. Гамшгаас хамгаалах тухай хууль 2003 онд батлагдаж гарсан байдаг. Явцын дунд тус хуулинд таван удаа өөрчлөлт орсон. Гамшгийн тухай хуулийг 2013 оноос эхлэн хэлэлцүүлсэн. Шинэчилсэн хуулийн ач холбогдол нь гамшгийн өмнө ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байх ёстой, гамшиг тохиолдсон үед, гамшгийн дараа ямар үйл ажиллагаа зохион байгуулах ёстой байдаг тухай нарийвчлан заасан. Хүмүүнлэгийн үйл ажиллагааны тухай өмнөх эрх зүйн баримт бичигт тусгаагүй байсан. Тэгвэл энэ удаагийн хуулинд гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд хүмүүнлэгийн байгууллага ямар тусламж үйлчилгээ үзүүлэх нь тодорхой болсон. Дотоодын хүмүүнлэгийн тусламж, гадаадын хүмүүнлэгийн тусламжийг тусдаа журмаар шийдвэрлэнэ тус журмыг засгийн газар батална гэж тодорхой заасан байгаа. Хуулийн хэрэгжилтийг олон нийтэд таниулан сурталчлах үйл ажиллагаа нь энэ сургалтаар дамжин биеллээ олж байгаа гэж хэлэхэд болно” гэв. 
Штабын дадлагаар зохиомол цагийн байдал үүсгэж түүн дээр баг тус бүр ажиллаж, ямар шийдэлд хүрэхийг тодорхойлж байв. Ингээд эхний асарт байрласан багийн нөхцөл байдалтай танилцсан юм. Сонгино хайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн орлогч хошууч Ц.Лхагвасүрэн “Сонгино хайрхан дүүрэгт газар хөдлөлт болсон тохиолдолд иргэдийг нүүлгэн шилжүүлэх үйл явцад зам талбай боогдох магадлалтай. Тус дүүргийн хувьд төвийн дулааны шугамын хоёр том магестрал байдаг. Нэг магестрал нь хотын баруун зах Найрамдал руу чиглэсэн, харин нөгөөх нь Хархорин захын чиглэлд байрладаг. Тиймээс газар хөдлөх үеэр маш их хэмжээний ус  алдаж болзошгүй. Мөн таван шарын уулзвар дээр хоёр том шатахуун түгээх газар байдаг учраас гал түймэр, дэлбэрэлт болох магадлалтай. 2015 оны дүүргийн иргэдийн хурлаар батлагдсан иргэдийг түр байршуулах газар 12 байрлалд байдаг. Ихэвчлэн сургууль цэцэрлэгийн гадаа талбай, Дарагон худалдааны төвийн гадаа талбай гэж заасан байдаг. Гэвч хот төлөвлөлтийн алдаанаас болоод түр байрших талбай байхгүй гэж хэлэхэд болно. Хүй долоо худаг руу хээрийн зуслан байдлаар ард иргэдийг нүүлэн шилжүүлэх боломжтой” гэсэн юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын аюулгүй байдлын тасгийн мэргэжилтэн Б.Гэлэг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хувьд газар хөдлөлтийн үеэр хоригдлууд суллагдаж болзошгүй учраас иргэдийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг гүйцэтгэнэ. Хорих анги байрласан нутаг дэвсгэрт газар хөдөлсөн тохиолдолд яаралтай нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагааг гүйцэтгэнэ” хэмээв.
Аливаа гамшиг ямар нэг байдлаар төлөвлөгдөх боломжгүй. Хэлж ирдэггүй хийсч ирдэг гэж ярьдаг. Сүүлийн 20 гаруй жил хийсэн судалгаагаар газрын чичирхийлэл, бага зэргийн газар хөдлөлтийн тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа. Дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлт, хүний өөрийн буруу үйл ажиллагаанаас болж хүн төрөлхтөнд олон эрсдэл бий болоод байна. Улаанбаатар хотод тохиолдож болох байгалийн үзэгдлийн эрсдэлүүд дотроос хамгийн их хохирол учруулж, олон хүний амь нас, эд хөрөнгийн хохирол учруулж болзошгүй аймшигтай гамшгийн эрсдэл бол газар хөдлөлт. Тэгэхээр тус сургалтыг санаачлан зохион байгуулж буй Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Улаан загалмайн нийгэмлэгийн хувьд газар хөдөлсөн тохиолдолд ямар оролцоотой ажиллах төлөвлөгөөтэй байдаг вэ?
-Улаан загалмай, Улаан хавирган сар олон улсын хүмүүнлэгийн байгууллагын дэлхий дахинд үйл ажиллагаа явуулдаг гол чиг шугам нь гамшгийн эрсдэлийн менежмент юм. Харин Онцгой байдлын ерөнхий газар бол төрөөс үүрэгтэй, гамшиг гарсан тохиолдолд хамгийн эхэнд ард, иргэдийг авран хамгаалах үүрэгтэй албан хаагчид. Социалист нийгмийн үед бидэнд хүүхэд байхаас эхлээд иргэний хамгаалалтын хичээл ордог байсан. Тэгвэл өнөөдөр дэлхий нийтээрээ байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэхэд аж ахуй нэгж, хувь хүмүүс бүгд бэлэн байдлын төлөвлөгөөтэй, ямар нэгэн гэнэтийн гамшиг болоход хүний амь нас, улс орны эдийн засгаа хохирол багатай авч гарах маш чухал.
-Энэ удаад нийслэлийн хүрээнд сургалт зохион байгуулж байгаа юм байна. Харин орон нутгийнхан гамшгийн эрсдэлийн сургалтад хамрагдах боломжтой юу?
-Гамшгаас урьдчилан сэргийлэх, дадлага чадварыг сайжруулсан дасгал сургуулилтуудыг бүх аймагт явуулах төлөвлөгөөтэй байгаа. Энэ жил Өмнөговь аймагт болсон “Говын чоно”-д нутгийн иргэд идэвхтэй оролцсон. Одоо Говь-Алтай, Архангай, Дорноговь гэсэн аймгуудад гамшгийн эрсдэлийн чиглэлээр сургалт явуулна. Эдгээр сургалтыг энэ оны  эхний саруудаас Онцгой байдлын газартай хамтран шат дараалалтай зохион байгуулна.
-Энэ чиглэлээр танай байгууллага олон улсын ямар байгууллагуудтай хамтарч ажилладаг вэ?
-Энэ штабын сургалтаар гамшгийн эрсдэлтэй нөхцөл үед бэлэн байдлаа хангахын тулд ямар төлөвлөгөөтэй ажиллах талаар дасгал сургуулилт хийж байгаа юм. Улаан загалмайн нийгэмлэг бол улсын онцгой комиссийн гишүүн байгууллага. Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийг байгуулсан.Үндэсний аюулгүй байдлын зөвлөлтэй хамтран ажиллаж байгаа. Бид олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудыг  тухайлбал, Европын холбооны иргэний хамгаалалтын болон хүмүүнлэгийн тусламжийн албатай Финланд, Австрали, Их Британи олон улсын хүмүүнлэгийн нийгэмлэгүүдтэй энэ чиглэлээр хамтарч ажилладаг. Өнгөрсөн жил Пакистанд болсон уулын үерийн үеэр Монголын улаан загалмайн нийгэмлэгийн гамшгийн хөтөлбөрийн удирдагч очиж олон улсын хариу арга хэмжээ авах багт ажиллаж байсан. Энэ штабын сургалтын хүрээнд МУЗН-ээс зургаан хүн гадаадад гамшиг осол болсон үед олон улсын бүсийн аврах багт ажиллах чадамжтай болж байгаа юм.  
-Байгалийн гамшиг тохиолдсон үед сайн дурынхны оролцоо маш чухал шүү дээ. Тэгэхээр танай байгууллагаас сайн дурын ажилчдыг хэрхэн бэлтгэдэг вэ?
-Тэгэлгүй яахав. Хамгийн сүүлийн жишээ дурдахад Төв аймагт гал түймрийн гамшиг тохиолдоход эх оронч санаачлагатай залуус түймрийн голомтруу явсан. Харамсалтай нь тэр залуучууд бэлтгэгдээгүй учраас хамгаалах багаж, хэрэгсэл, хувцас байгаагүй, анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлж мэдэхгүй, гал түймэр гарсан тохиолдолд хэрхэн ажиллах наад захын мэдлэггүй түймрийн голомтод очсон байсан. Тэгэхээр гамшиг болсон тохиолдолд сайн дурынхныг бэлэн байлгах, тэднийг бэлтгэл сургуулилалтад хамруулах нэн шаардлагатай байгаа юм. Үүнийг манай улаан загалмайн байгууллагаас шат дараалалтай сургалт зохион байгуулж төрдөө туслахаар болж байгаа юм. Ойрын хугацаанд онцгой байдлын үед сайн дураараа ажиллах хүсэлтэй хүмүүсийг нэгдсэн байдлаар сургаж эхлэх төлөвлөгөөтэй байгаа. 
-Сүүлийн үед ямар үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа вэ?
-Энэ зун Монгол Улсын газар нутгийн 85 хувьд гантай байсантай холбогдуулаад хадлан тэжээл бэлтгэх асуудал болоод байгаа. Өнгөрсөн жил нэг боодол өвс таван мянган төгрөгний үнэтэй байсан бол, одоо 12 мянган төгрөг болж өсөх эрсдэл үүсээд байна. Улаан загалмайн нийгэмлэг болзошгүй гамшгаас сэргийлж олон үйл ажиллагаа зохион байгуулна. Хуучин дэлхий даяар гамшиг болсны дараа тусламж өгдөг байсан бол одоо цаг уурын мэдээнд түшиглэн урьдчилан санхүүжилт босгож, бэлтгэдэг болоод байгаа. Олон улсын уур амьсгалыг судалж энэ чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүдийг урьж, Цаг уурын орчны шинжилгээний  газар, холбогдох яам агентлагтай холбож өгч байгаа. 2016 онд зуд болоход 1,7 тэрбум төгрөгийн хүмүүнлэгийн тусламж гадаадаас оруулж ирж 5400 малчинд 245 мянган төгрөгийн хүмүүнлэгийн тусламж үзүүлж байсан. Цаг уурын урьдчилан сэргийлэх мэдээгээр хүндхэн өвөл болох гэж байгаатай холбогдуулан олон улсын  хүмүүнлэгийн тусламжийг Монгол Улсдаа татах гэж байгаа. Мөн сүүлийн үед нийслэл хотод шүлхий гарснаас үүдэн шүлхийн голомтод айл өрхийн хоол хүнсийг хүргэж өгсөн. 
-Сургалтаас ямар үр дүн хүлээж байгаа вэ?
-Газар хөдлөлтийн асуудлыг бид олон талаас нь судалж, өөрсдөө эрсдэлийн бүсэд амьдарч байгаагийн хувьд, бэлтгэлтэй байхад иргэн, байгууллага бүр анхаарах хэрэгтэй. Энэ сургалтын үр дүнд Газар хөдлөлтийн гамшигийн эрсдэл үүсэхэд бид хамтран загвар гаргасан, хамтарч ажиллах туршлага хуримтлуулснаар гамшгаас урьдчилан сэргийлэх боломжтой юм. 
Сургалтыг хамтран зохион байгуулагч ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Мөнхбат “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт томоохон аюул гамшиг тохиолдсон үед мэргэжлийн байгууллага, бусад гамшгаас хамгаалах орон нутгийн болон улсын албатууд, мөн олон улсын болон төрийн бус байгууллагууд харилцан ажиллагааг нэвтрүүлэх зорилгыг агуулж байгаагаараа энэхүү сургалтын онцлог юм. Онцгой байдлын ерөнхий газрын баталсан бодлогын хүрээнд сургалт явагдаж байгаа. Асторномын 72 цаг, обективийн 168 цагийн багтаамжтай штабын сургалтыг зохион байгуулж байна. Яг одоо Улаанбаатар хотод газар хөдөлсөн тохиолдолд энэ албадууд хэрхэн хамтарч ажиллаж, аврах хор уршгийг ажиллагааг хэрхэн зохион байгуулах уу, дотоодын болон олон улсын хүмүүнлэгийн тусламжийг хэрхэн түгээх вэ гэх мэт олон асуудал дээр штабын дадлагаараа зөвлөлдөж байна. Монгол Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөтэй болсон. Нийслэл, дүүрэг, улс, орон нутгийн албадууд бүгд гамшгаас хамгаалах төлөвлөгөөгөө энэхүү сургалтын хүрээнд туршиж үзэх боломжтой болж байгаа юм” гэв. Сургалтьн үеэр хэлэлцэгдсэн илтгэлт дурдагдсанаар нийслэлийн хэмжээнд 36 мянга орчим барилга байгаагаас 3798 нь нийтийн зориулалттай орон сууцны барилга байдаг. Засгийн газраас 2011-2015 онд нийтийн зориулалттай 524 барилгад газар хөдлөлтийн тэсвэрлэх чадварын үнэлгээ, судалгаа хийсэн байдаг. Эдгээр барилгаас 171 барилга нь газар хөдлөлтөд тэсвэртэй, 278 нь газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн дүгнэлт гарчээ. Газар хөдлөлтөд тэсвэргүй 278 барилгын олонх нь тоосгон болон модон хийцтэй, ашиглалтын хугацаа дууссан, газар хөдлөлтийн эсрэг арга хэмжээ авагдаагүй 1970 оноос өмнө баригдсан барилгууд юм. Газар хөдлөлтөд тэсвэргүй барилгуудын заримыг нь дахин төлөвлөлтөд оруулах, заримд нь засвар хийж болох юм байна. Нийслэлчүүд бид газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд амьдарч байна.  Эрдэмтэд болон Одон орон судлалын төв газар хөдлөлтийг урьдчилан тогтоох боломжгүй учраас газар хөдлөлтөөс учрах хохирол түүний дотроос хүний амь нас эрсдэх аюулыг багасгах боломжтой байдаг юм байна. Тиймээс гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд бүх нийтийн оролцоо, мэдлэг чухал хэмээн сургалтад хамрагдаж байсан оролцогчид хэлж байлаа.