МОНГОЛЫН УЛААН ЗАГАЛМАЙ НИЙГЭМЛЭГИЙН САЙН ДУРЫН ИДЭВХТНИЙ ҮНДЭСНИЙ ФОРУМ БОЛЛОО

Нийтэлсэн өдөр: 2024.04.30, мягмар

Монголын улаан загалмай нийгэмлэгийн Сайн дурын идэвхтний Үндэсний форум 2024 оны 4 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд Хүүхэд, залуучуудын хөгжлийн төвд болов. Форумд 21 аймаг, 9 дүүргийн 60 Сайн дурын идэвхтэн оролцлоо.

Энэхүү форумаар “Сайн дурын ажлын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, тогтвортой байдлыг хангах”, “Сайн дурын идэвхтнийг урамшуулах, хадгалах тогтолцоог боловсронгуй болгох”, “Сайн дурынхны эгнээг өргөжүүлэх, орчин үеийн технологийн дэвшилтийг ашиглах”, “Сайн дурын ажлыг олон нийтэд сурталчлах” чиглэлээр сайн туршлагаа хуваалцаж, хэлэлцүүлэг зохион байгуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай зөвлөмж гаргав.

Мөн Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ёс зүйн журам, Сайн дурын идэвхтний бодлогыг танилцууллаа.

Үндэсний форумын чиглүүлэгчээр Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Т.Баярчимэг, Монголын Сайн дурын байгууллагуудын сүлжээний Дэд Тэргүүн О.Эрдэнэбулган, Монголын Сайн дурынхны төвийн зохицуулагч Б.Цэвэлмаа, МУЗН-ийн Сайн дурын идэвхтний хөгжлийг дэмжих багийн ахлагч О.Билгүүн, Хүүхэд, залуучуудын хөгжлийн дэмжих багийн ахлагч Б.Мөнхжин, Олон улсын хүмүүнлэгийн эрх зүй хариуцсан ажилтан О.Манлайбаатар нар ажиллав.