Нийтэлсэн өдөр: 2023.10.20, баасан
Дотоод хэргийн их сургууль, Монголын улаан загалмай нийгэмлэг хамтран 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “Эрсдэлд суурилсан тогтвортой хөгжил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг нээж Дотоод хэргийн их сургуулийн Тэргүүн дэд захирал, доктор, дэд профессор, цагдаагийн хурандаа Д.Эрдэнэбаатар, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар үг хэлж, илтгэгч, оролцогчдод амжилт хүссэн юм. Олон улсын эрдэм шинжилгээний хуралд ОХУ, БНХАУ, АНУ, Япон, Бүгд Найрамдах Солонгос улс, Бүгд Найрамдах Казакстан Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам улс болон дотоодын их, дээд сургууль, шинжлэх ухааны эрдэмтэн, судлаачдаас оролцлоо. Эрдэм шинжилгээний хуралд нийт 70 гаруй илтгэл хэлэлцэж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд эрдэмтэн, судлаачид, олон улсын болон Монгол Улсын аюулгүй байдал, хөгжил судлал, эрсдэл судлалын хөгжил, эрсдэлээс хамгаалах өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх, тогтвортой хөгжилд нөлөөлөх хүчин зүйл, түүний чиг хандлага, олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг хүндэтгэн сахих, хэрэгжүүлэх, эрсдэлд суурилсан хөгжлийн орчин үеийн дэвшилтэт технологи, судалгаа, шинжилгээний ололтыг нэвтрүүлэх, онол, практикт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замын талаар чиглэсэн нь онцлог байв.
Мөн хурлаас гаргасан хэд хэдэн зөвлөмжийг онцолбол:
- Эрсдэлд суурилсан хөгжлийг системчлэх, эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан хөгжлийн стратегийг тодорхойлох, төлөвлөн хэрэгжүүлэх, явцын болон эцсийн хяналт, үнэлгээ хийх удирдлага зохицуулалтыг системийн онолд үндэслэн үндэсний төдийгүй бүс нутгийн хэмжээнд цогц байдлаар хэрэгжүүлэх;
- Үндэсний аюулгүй байдлыг хангах гамшгийн эрсдлээс хамгаалах даатгалын тогтолцоо бий болгох;
- Бүх салбар дахь аюулгүй байдал, эрсдэл судлалын ухаан болон аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны системийн зарчмууд болон системийн зүй тогтлуудыг хөгжлийн явцад уялдуулах;
- Тогтвортой хөгжлийг нийгмийн хөгжил, эдийн засгийн хөгжил, экосистемийг хадгалах гэсэн гурван асуудлын хүрээнд харилцан хамааралд нь зохицуулан судлах;
- Үндэсний аюулгүй байдал ба хөгжлийн стратегийн хоорондын эрсдэлт хүчин зүйлсийг тооцсон ирээдүйд чиглэсэн судалгаа, шинжилгээнд үндэслэсэн тогтвортой хөгжлийн стратегийг тодорхойлох гэх мэт.