"Анхны тусламжийн сургагч багш бэлтгэх" цахим сургалт эхэллээ

Нийтэлсэн өдөр: 2020.11.08, ням


Монголын улаан загалмай нийгэмлэг, БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө Засах Орны Улаан загалмайн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд “Анхны тусламжийн сургагч багш бэлтгэх” цахим сургалт 2020 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр эхэллээ. Энэхүү сургалт 5 хоног үргэлжлэх бөгөөд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгаас арга зүйч, сайн дурын идэвхтэн оролцож байна. Мөн Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хамтран ажилладаг Онцгой байдлын Ерөнхий газар, Хил Хамгаалах Ерөнхий газар, Улаанбаатар Төмөр зам, Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төв, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба, Азийн хөлбөмбөгийн холбооноос төлөөлөл оролцож нийт 200 хүн анхны тусламжийн сургагч багшаар бэлтгэгдэнэ.

Сургалтыг Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нээж үг хэлж, оролцогчдод амжилт хүссэн юм. “Анхны тусламжийн сургагч багш бэлтгэх” цахим сургалтыг Нийгмийн эрүүл мэндийг дэмжих багийн ажилтан Э.Лхагвасүрэн, БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө Засах Орны Улаан загалмайн хорооны Анхны тусламжийн сургагч багш Н.Хасзаяа нар удирдан явууллаа.

Сургалт Насанд хүрэгсэд ба хүүхэд, нярай хүүхдийн Зүрх, уушгины сэхээн амьдруулалт, шарх, ясны хугарал, цус алдалт, үеийн мултрал, өвчтнийг тээвэрлэх, гэнэтийн осол, хөлдөлт, түлэгдэлт зэрэг сэдвээр цахим сургалт явагдах юм. Мөн оролцогчид дээрх сэдвийн хүрээнд дадлага ажил хийх аж.