МУЗН-ийн “Хүмүүнлэгийн элч”-ээр Б.Батсанаа ажиллана

Нийтэлсэн өдөр: 2020.02.05, лхагва


Монголын улаан загалмай нийгэмлэг нь Монгол Улсаас гадаад улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд нарын гэргийгээр дамжуулан тухайн улс оронд амьдарч буй монголчуудыг хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцуулах, хамтран зохион байгуулах, идэвхжүүлэх санаачлагыг эхлүүлээд байна. Тодруулбал, 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Монгол улсаас Шведийн Вант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайдын гэргий Б.Батсанааг Монголын улаан загалмай нийгэмлэгийн “Хүмүүнлэгийн элч”-ээр өргөмжилж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Монголын улаан загалмай нийгэмлэгийн “Хүмүүнлэгийн элч” нь нийгэмлэгийн үйл ажиллагааны чиглэл, мандатыг олон нийтэд сурталчлан таниулах үйл ажиллагаа зохион байгуулах, Монгол Улсад гамшиг, эрүүл мэндийн онцгой нөхцөл бий болсон тохиолдолд хандив, хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагааг дотоод, гадаад эх үүсвэрээс цуглуулахад дэмжлэг үзүүлэх зэрэг үүрэгтэй ажиллах юм.

Б.Батсанаа Танд Монголын улаан загалмай нийгэмлэгийн анхны “Хүмүүнлэгийн элч”-ээр сонгогдон ажиллахаар болсонд баяр хүргэе.