МУЗН зудын эрсдэл өндөр байгаа аймгийн малчдад тусламж үзүүлнэ

Нийтэлсэн өдөр: 2020.01.15, лхагва


Монголын улаан загалмай нийгэмлэг нь Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоотой хамтран “Цаг уурын урьдчилсан мэдээнд тулгуурласан санхүүжилт” буюу гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах үүднээс эрт хариу арга хэмжээ авах үйл ажиллагааны журмыг боловсруулан ажиллаж байна.

Энэхүү журмын гол зорилго нь Цаг уур, орчны шинжилгээний газраас боловсруулан гаргадаг “Зудын эрсдэлийн зураг”-аар 3 ба түүнээс дээш аймгийн нийт нутаг дэвсгэрийн 20-оос дээш хувь нь зудын нэн өндөр эрсдэлтэй гэж гарсан тохиолдолд эрт хариу арга хэмжээ авах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэж байна.


Цаг уур, орчны шинжилгээний газраас 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гарсан Зудын эрсдэлийн зургаар нийт 8 аймагт зудын нэн өндөр эрсдэлтэй гэж гарсаны дагуу Монголын улаан загалмай нийгэмлэгээс Өвөрхангай, Архангай, Ховд, Говь-Алтай, Дундговь, Булган, Сүхбаатар, Хэнтий аймгийн 1000 малчин өрхөд 240,000 төгрөгний бэлэн мөнгөний тусламж, малын эрдэс тэжээлийн багцын хамт олгохоор бэлтгэл ажлыг хийж байна. 


Хүмүүнлэгийн тусламжинд хамрагдах малчин өрхийг сонгоход тухайн аймгийн Онцгой байдлын газар, Улаан загалмайн хороо хамтарч дараах шалгуур үзүүлэлтийг хангасан малчин өрхийг сонгоно:

  • 16 хүртэлх насны 3-аас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эсвэл эх;
  • 60-аас дээш насны харж хандах хүнгүй өндөр настан;
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүл;
  • 16-аас доош насны 5-аас дээш хүүхэдтэй гэр бүл бөгөөд 200 хүртэлх малтай малчин өрх.

Бэлэн мөнгөний тусламжийг Хаан банкаар дамжуулан олгоно.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэдэх Улс орны Хүмүүнлэгийн багтай зудын эрсдэлийн мэдээллийг солилцон хамтран ажиллаж байна.

Цасны хэмжээ бага, харын зудтай байгаа аймаг, сумын малчдад, ялангуяа отроор нүүдэллэн яваа малчин өрхөд хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй байна.

Иймд Улаанбаатар нийслэлд ажиллаж, амьдарч буй аж ахуйн нэгж, байгууллага, нутгийн зөвлөл, иргэдийг малчдад туслахыг уриалж байна.

Зудын эрсдэлийн нөхцөл байдалтай холбоотой мэдээ, мэдээллийг Гамшгийн менежментийн хөтөлбөрийн ахлагч Ш.Мөнгөнтуяа /Munguntuya.sh@redcross.mn/ хаягаар лавлахыг хүсч байна.

Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа. 


МОНГОЛЫН УЛААН ЗАГАЛМАЙ НИЙГЭМЛЭГ