“Тогтвортой хөгжилд сайн дурынхны оролцоо” чуулганд 190 гаруй сайн дурын идэвхтэн оролцлоо

Нийтэлсэн өдөр: 2019.12.04, лхагва


Жил бүрийн 12 сарын 5-нд Олон улсын сайн дурынхны өдрийг дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү өдрийг угтан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Сайн дурынхны байгууллагуудын сүлжээ, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага хамтран “Тогтвортой хөгжилд сайн дурынхны оролцоо” сэдэвт үндэсний чуулганыг 2019 оны 12 сарын 4-ний өдөр Төрийн ордонд зохион байгууллаа. “Алаггүй ирээдүйн төлөө” уриан дор зохион байгуулагдсан уг чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа, Сайн дурынхны байгууллагуудын сүлжээний тэргүүн Г.Ундрал, НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч Тапан Мишра, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Филип Ийвэрт нар оролцож, үг хэлэв. Уг чуулга уулзалтад Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөгжлийн хөтөлбөрийн ахлагч С.Намсрайжав “Сайн дурын үйл ажиллагаанд залуусын оролцоо” сэдэвт панел хэлэлцүүлэгт оролцож, Монголын улаан загалмай нийгэмлэгийн сайн дурын идэвхтнүүдийн үйл ажиллагааны талаар, цаашид энэ чиглэлд хийх зорьж байгаа ажлын талаар чуулганы оролцогчдод мэдээлэл өгсөн юм. Энэхүү чуулга уулзалтад Монголын улаан загалмай нийгэмлэгээс нийслэлийн 9 дүүргийн сайн дурын идэвтнүүд, Залуучуудын улаан загалмайн гишүүд зэрэг нийт 190 гаруй сайн дурын идэвхтэн оролцлоо.