Нийтэлсэн өдөр: 2019.10.16, лхагва
Онцгой байдлын ерөнхий газар, Монголын улаан загалмай нийгэмлэг, Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар нийгэмлэгүүдийн холбоо хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулахад эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт анхдугаар үндэсний чуулга уулзалтыг 2019 оны сарын 17-18-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулах гэж байна.
Чуулга уулзалтад 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн төрийн болон төрийн бус байгууллага, бизнесийн болоод олон улсын байгууллага, иргэд, олон нийт, сайн дурын идэвхтэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийт 100 төлөөлөл оролцоно. Оролцогчид гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаа ба эмэгтэйчүүдийн оролцоо, гамшгийн эрсдэлийн тухай ойлголт, уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдэлийг бууруулахад сайн дурын үйл ажиллагаа хэрхэн нөлөөлөх, гамшгийн эрсдэлийг бууруулахад орон нутгийн эмэгтэйчүүдийн оролцоо зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг явуулж, илтгэл тавина. Энэхүү үндэсний анхдугаар чуулган Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын өдөртэй хамтатган хийж байгаагаараа онцлог юм. Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр жил бүрийн 10 дугаар сарын 13-нд тохиодог. Энэхүү өдрийг Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 1989 оноос эхлэн дэлхий нийтээр 30 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Уг чуулганаар гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоог хангах, салбар, салбарын эмэгтэйчүүдийн хамтран ажиллах боломжийг тодорхойлох, эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллын талаарх сайн туршлага, амжилтын түүхийг хуваалцаж, энэ салбарт тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлон шийдвэрлэх арга замыг дэвшүүлсэн зөвлөмж гаргана.