ӨМНӨГОВЬ АЙМГИЙН НҮДНИЙ БОЛОР СОЛИУЛСАН 19 ИРГЭН СЭТГЭЛ ӨНДӨР НУТАГ БУЦЛАА

Нийтэлсэн өдөр: 2019.05.09, пүрэв


БНХАУ, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, Монголын улаан загалмай нийгэмлэгийн 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа ӨМӨЗО-ны нүдний болор суулгах мэс заслын урьдчилсан үзлэг оношлогоо Өмнөговь аймагт явагдлаа. Үзлэг 4 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд болж 363 хүн хамрагджээ.


Үүнээс 26 хүн нүдний болор солиулах хагалгаанд орохоор 4 дүгээр сарын 17-ны өдөр ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн Урьдын дунд хошуу буюу Халиут хотыг зорьсон юм. Нүдний болор солиулах иргэд асран хамгаалагчдын хамт БНХАУ-ын хилийг давмагц ӨМӨЗО-ны улаан загалмайчид халуун дотноор хүлээн авч, буцах хүртэл халамжилж үйлчилсэн байна. Мөн мэс заслын өмнөх үзлэг шинжилгээнд хамрагдаж 7 иргэн нүдний болон артерийн даралт ихэссэний улмаас хагалгаанд орж чадаагүй ч нүдний нарийн мэргэжлийн шинжилгээнд хамрагдаж оношоо тодруулсан юм. Улмаар 4 дүгээр сарын 18-ны өдөр хагалгаа амжилттай хийгдэж, 19 хүн ертөнцийг тунгалаг мэлмийгээр тольдон хардаг боллоо. Хагалгааг Халиутын Монгол эмнэлэгт Бугат хотын Чао Жү нүдний эмнэлгийн баг ирж хийсэн ба орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, өндөр хүчин чадалтай аппаратаар мэргэжлийн өндөр түвшинд үзлэг, оношлогоо, хагалгааг хийсэн аж. Хагалгаанд хамрагдсан иргэдийн сэтгэгдэл маш өндөр байлаа. Төв суурингаас алслагдсан малчид маань малын бэлчээрээс цааш гарч үзээгүй бид хил дамжин явж, “үнэ төлбөргүйгээр үзлэг, оношлогоо, мэс засалд хамрагдаж мэлмий минь тунгалаг боллоо“ хэмээн баярлан бахдаж байхыг харахад үнэхээр сэтгэл хөдлөм байлаа хэмээн хүнээр хөтлүүлэн явж байсан, гарын үсгээ ч онож зурж чадахгүй байсан иргэд маань цоо шинэ нүдтэй боллоо гээд хэлэх үгээн олж ядан байлаа.