Ч.ШАРАА: БИ 45 ЛИТР ЦУС ӨГӨХДӨӨ ХЭНД ЦУСАА ӨГӨВ, ХЭНИЙ АМЬ АВАРСАН ТАЛААР ОГТ АСУУЖ БАЙГААГҮЙ

Нийтэлсэн өдөр: 2019.04.10, лхагва

Энэ цагийн эгэл баатар, Энэрэнгүй үйлстэн МУЗН-ийн Хүндэт донор, Сонгинохайрхан дүүргийн иргэн Ч.ШАРААТАЙ ярилцлаа.


-Бусдын эрүүл мэнд, амь насны төлөө цусны донор болж 45 литр цус бэлэглэсэн таны энэрэнгүй, нигүүлсэнгүй үйлстэй зүйрлэх зүйл ховор байх. Цусны донорын эгнээнд элсэн тухайгаа хуваалцана уу?

-Баярлалаа. Юуны өмнө МУЗН болон Нигүүлсэл сэтгүүлийн хамт олон, цусны донорууддаа энэ өдрийн мэнд хүргэе. Би Өвөрхангай аймагт төрсөн. 1962 онд Анагаах ухааны их сургууль төгссөн. Төгсөөд аймагт төрөхийн эх баригч эмчээр ажиллаж ажлын гараагаа эхэлсэн. Эх баригч эмчээр ажиллаж байхдаа маш олон хүндрэлтэй төрөлт, төрөхийн хүндрэлээс болж үүссэн хүндрэлүүдийг харж байсан. Эх үрсийн эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа болохоор цусны донор болъё гэж шийдсэн. 1973 онд анх цусны донор болж байлаа. Энэ хугацаанд би 90 удаа буюу нийтдээ 45 литр цусаа бусдын эрүүл, мэнд, амь насны төлөө бэлэглэсэн байдаг. Нэг удаадаа 400-500 грамм цус өгч байлаа. Ингээд 1983 онд МУЗН-ийн Хүндэт донор тэмдгээр шагнуулж байлаа. Би тэмдгээрээ бахархаж явдаг. Яагаад гэвэл би цусны донор болсноор Олон улсын улаан загалмай нийгэмлэгийн гол зарчмын дагуу хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хүнийг хүний ёсоор хүндэтгэх явдлыг хангуулах энэрэнгүй үйлсэд залуу насаа зориулж, зүтгэснээрээ бахархах сэтгэл төрдөг.

-Хамгийн сүүлд хэдэн настай байхдаа цусаа өгсөн вэ?

-Цусны доноруудад нас заасан байдаг. Цусны донор 60 наснаас хойш донор өгдөггүй. Би 60 нас хүртлээ цусны донор явлаа. Хамгийн сүүлд 2000 онд цусаа өгсөн. Тэрнээс хойш цусаа өгөөгүй. Гэхдээ залуусыг донор болгох үйлсэд гар бие оролцож явна. Тэдэнд цусны донорын ач холбогдол, донор байхын учрын талаар өөрийн мэдсэн сурсан мэдлэг, мэдээллээ хуваалцаж явна. Залуучуудаас ч суралцах зүйл их гарч байна.

-Хүний амь нас аварна гэдэг хүний хийж чадах хамгийн дээд буян гэж би боддог. 45 литр цус бэлэглэсэн таны хувьд маш олон хүний амь нас аварсан байх?

-Би 45 литр цус өгөхдөө хэнд цусаа өгөв, хэний амь аварсан талаар огт асууж байгаагүй. Мэдэх ч үгүй. Төрөхийн хүндрэлээс үүдэлтэй цус алдалттай байсан маш олон эхчүүдэд цусны донор болж байсан. Таны ачаар эрүүл боллоо гэдэг чин сэтгэлийн үгийг харамгүй сонсож байсан. Энэ үгийг л сонсоод өөрөө хамгийн ихэд бахархах мэдрэмжийг авч байлаа. Миний одоо санаж байгаагаар Барилгын цэргийн эмнэлэгт эмчээр ажиллаж байхдаа БаянӨлгий аймгийн нэг цэрэгт цусаа өгсөн. Барилга дээрээ унаж хүнд гэмтэлтэй ирсэн. Тухайн үед би түүнд цусны донор болж хэд хэдэн удаа цусаа өгсөн. Нэлээд хэдэн хоногийн дараа тэр цэрэг ярьж чаддаг болчихоод надад “амийг минь аварсан танд баярлалаа. Надад өөр хэлэх үг олдохгүй байна” гэж хэлээд уйлж байсан. Тийм болохоор би өөрөө ч баярлалаа гэдэг үгэнд дуртай болчихсон. /инээв/

-Хүндэт донорын хувьд залуустаа юу гэж захих вэ?

 -Би өнөөдөр цусаа өгөхгүй байгаа ч гэсэн залуу үедээ аль болох донорын үйл ажиллагаа сурталчилж байна. Донор болоход эхлээд яах ёстой, сэтгэл зүйн байдал бэлэн эсэх, ёс суртахуун, хүнийг хэрхэн хүний ёсоор хайрлаж энэрэх, бусдад хэрхэн үлгэр дурайлал болох, өөрийгөө яаж бэлдэх, цусаа өгсөний дараа яах гээд маш олон зүйлийг сургалт, сурталчилгаагаар дамжуулан олон нийтэд хүргэж явна.

- Таныг “Энэ цагийн эгэл баатар” болж байсан гэж сонссон. Хэдэн оны “Эгэл баатар” вэ?

- Өнөөдрийг хүртэл хүн ардын эрүүл энхийг төлөө зүтгэсэн хөдөлмөрөө өндрөөр үнэлүүлсэн хүн би. Нийслэлийн хүмүүнлэгийн элч, Монгол Улсын улаан загалмайн хүмүүнлэгийн бахархал нигүүлсэнгүй үйлстэн батламж, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан болж байлаа. Мөн ард түмний гавьяат эмч, Шударга журам медаль, Энэрэл алтан медаль, МУЗНийн хүндэт тэмдэг, Энэрэнгүй үйлстэн одон Монголын донорын холбооны хүндэт тэмдэг, Монголын энэрэнгүй ээж цол, өргөмжлөл, медаль зэрэг нар хүндтэй шагнал авч байлаа. Үүнээс гадна Төрийн дээд Алтангадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаагаад баярлаж суугаа хүн байна. 2015, 2016 онд “Энэ цагийн эгэл баатар” болж байлаа.

-Ярилцсанд баярлалаа.

Н.Цэлмүүн