УИХ-ын гишүүн Г.Занданшатар Мартин Фаллер, Гвиндолинг Панг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба

Өчигдөр буюу 1-дүгээр сарын 31-ний өдөр УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Ази Номхон далайн бүсийн дэд захирал Мартин Фаллер, ОУУЗУХС нийгэмлэгүүдийн холбооны Зүүн Азийн орнуудыг дэмжих багийн дарга Гвиндолинг Панг нарыг МУЗН-ийн төлөөлөгчдийн хамт хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр ирэх 7-р сард Улаанбаатар хотноо зохион байгуулах Азийн сайд нарын бага хурал, малчдад үзүүлж буй хүмүүнлэгийн тусламж, өвөлжилт болон хаваржилтын нөхцөл талаар санал солилцсон юм.

МУ-ын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг 2018 оны 7-дугаар сарын 16-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Энэхүү хурлыг амжилттай зохион байгуулахад Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооноос дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллах талаар хоёр тал санал солилцов.

Монголын улаан загалмай нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, 2017-2018 оны ”Зудын эрсдэлийн зураглал” дээр үндэслэж өвөлжилт хүндэрсэн 12 аймгийн 40 сумын 2000 малчин өрхөд “Цаг уурын урьдчилсан мэдээнд тулгуурласан санхүүжилт” хөтөлбөрийг хэрэгжүүлж хүмүүнлэгийн тусламжийг эрт хүргүүлсэн талаар онцлон тэмдэглэв. Энэхүү ажлыг Британы Улаан Загалмай, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Цаг уурын төв, Монголын улаан загалмай нийгэмлэг хамтран амжилттай зохион байгуулж байна.

“2016-2017 оны өвөлжилт хүндэрсэн үед Монголын малчдад туслах хүмүүнлэгийн үйл ажиллагаанд нийт 2 орчим тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний хөрөнгө хуримтлуулж, хүмүүнлэгийн тусламжийг  2740 малчин өрхийн 12000 орчим хүнд  хүргэсэн байна. Малчдад үзүүлэх тусламжийг үүгээр хязгаарлахгүйгээр малчдын амьжиргааг дэмжих, бизнес эрхлэх, орлогоо нэмэгдүүлэх арга ухаанд сургах, өвөлжилтийн бэлтгэлээ хангахад нь туслах, нөхөн сэргээх үйл ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулсан явдалд талархал илэрхийлж байна” хэмээн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар онцолж, цаашдын ажилд нь амжилт хүсч буйгаа илэрхийллээ.