БНТУ-ын Улаан хавирган сар нийгэмлэгийн төлөөлөгчид айлчиллаа

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба

Үндэсний нийгэмлэгүүдийн хөгжлийг хангах, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэхэд нийгэмлэгүүдийн харилцан айлчлал нэн чухал юм. Тэр утгаараа Туркийн Улаан хавирган сар нийгэмлэгийн төлөөлөгчид МУЗН-д зочиллоо. БНТУ-ын Улсын Ерөнхий сайдын зөвлөх, тус улсын Улаан хавирган сар нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүн Камел Колобаш, БНТУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагааны зохицуулах агентлагийн Улаанбаатар хот дахь хөтөлбөр зохицуулалтын газрын суурин төлөөлөгч Экрэм Калан нарын төлөөлөгчид МУЗН-ийн Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нартай уулзлаа.

Туркийн Улаан хавирган сар нийгэмлэг 136 жилийн түүхтэй байгууллага бөгөөд эдүгээ 5000 ажилтантай, 724 Дунд шатны хороотой ажээ.

Аль ч үндэсний нийгэмлэгийн адил гамшиг ослоос урьдчилан сэргийлэх,иргэдээ хамгаалах, анхны тусламж, эрүүл ахуйн чиглэлийн мэдлэг олгох, үзүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулдаг тухайгаа Улаан хавирган сар нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүн Камел Колобаш танилцуулаад анхны тусламжийн сургалтыг талаар хамтран ажиллах, аль аль үндэсний нийгэмлэгээсээ туршлага солилцох боломж  байгааг онцоллоо. Тэд анхны тусламжийн сургалтуудыг жижиг, дунд үйлдвэрийн газруудад ихэвчлэн зохион байгуулдаг гэнэ. Мөн улсынхаа цусны хэрэгцээний 98 хувийг дангаараа  бүрдүүлдэг  хүчирхэг үндэсний нийгэмлэг ажээ.

Эрхэм Удирдах зөвлөлийн гишүүн хоёр улсын эртний үндэс угсаа, соёлын хэлхээ холбоог эрхэмлэж, үндэсний нийгэмлэгүүдийн хамтын ажиллагаа  өргөжихийг хүсч байгаагаа илэрхийлэв.

МУЗН-ийн Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Энхболд  хоёр улсын үндэсний нийгэмлэгийн хамтын ажиллагааг бодитой үр дүнтэй байна гэдэгт итгэж буйгаа илэрхийлээд газар нутаг хол ч түүх, соёл, үндэс угсаа гарваль нэг ард түмэн хүмүүнлэгийн үйлст хамтран ажиллах олон давуу тал байгаа тухай өгүүллээ. Хэдхэн сарын өмнө Монгол дахь Туркийн Элчин сайдтай уулзаж, ярилцсны үр дүн, хамтын ажиллагааны үргэлжлэл энэхүү уулзалт болж байна гэв.   БНТУ-ын Улаан хавирган сар нийгэмлэг дэлхийн хэмжээний Улаан загалмай хөдөлгөөний Асемблейг өөрийн орондоо зохион байгуулахаар ажиллаж байгаад талархал илэрхийлсэн.

Мөн тэрбээр Туркийн хамтын ажиллагааны зохицуулах агентлаг буюу /ТИКА/-гийн үр шимийг монголын ард түмэн хүртэж, Монгол Улсын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж ирснийг онцоллоо.  ТИКА нь улс орнуудад техникийн  туслалцаа, хамтын ажиллагаа үзүүлж ирсэн байгууллага юм. Манайд 1994 оноос туслалцаагаа үзүүлж,  олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн юм. Түүний нэг нь Цус судлал үндэсний төвийг хамтран байгуулсан билээ.

Эхний ээлжинд Туркийн үндэсний нийгэмлэг хамтын ажиллагааны боломжуудыг судлах зорилгоор МУЗН-т ажилтнаа илгээх тухай ярилцсан.