Монголын улаан загалмай нийгэмлэг Олон улсын "OCAC" гэрчилгээ авлаа.

Нийтэлсэн өдөр: 2019.12.09, даваа


Монголын улаан загалмай нийгэмлэг Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Холбооноос баталсан Үндэсний нийгэмлэгийн хүчин чадлыг үнэлэх, баталгаажуулах  "OCAC" үнэлгээнд оролцож, олон улсын гэрчилгээ гардан авсан Ази, Номхон далайн бүсийн анхны, дэлхийн 4 дэх Үндэсний нийгэмлэг боллоо.


МУЗН нь 2014 оноос эхлэн Байгууллагын хүчин чадлын үнэлгээг үе шаттай зохион байгуулж, давуу болон сул талаа тодорхойлж, төлөвлөгөө гарган ажиллаж ирсэн юм. 2019 онд Олон улсын хөндлөнгийн үнэлгээ баг Монгол улсад ажиллаж, МУЗН-ийн хүчин чадлыг үнэлж, гэрчилгээ авах болзол хангасан гэж дүгнэсэн ба үнэлгээний дүгнэлтийг ОУУЗУХСНХ-ны Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж, гэрчилгээ олгох шийдвэр гаргасан юм. 



Байгууллагын хүчин чадлын гэрчилгээг Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Холбооны Ерөнхийлөгч Франческо Рокка Швейцарь улсын Женев хотноо болж буй Олон улсын Улаан загалмай хөдөлгөөний их хурлын үеэр гардуулан өгөв.  



Франческо Рокка:

Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Хатагтай Н.Болормаа Танд болон МУЗН-ийн нийт хамт олон, сайн дурын идэвхтнүүдэд ОУУЗУХСНХ-ны зүгээс болон хувийн зүгээс халуун баяр хүргэж байна. 


Миний бие Монгол улсад 2 удаа айлчлахдаа Монголын улаан загалмай нийгэмлэгийн хурдацтай хөгжил, дэвшлийг өөрийн нүдээр харж, урам зориг авсан билээ. Аливаа үйл ажиллагааг урт хугацаанд төлөвлөж, үе шаттай хэрэгжүүлснээр амжилттай үр дүнд хүрч болдогийг Та өөрийн удирдлага, зохион байгуулалтаар батлан харуулж чадлаа.

 

Цаашид бусад Үндэсний нийгэмлэгийн хүчин чадлыг сайжруулахад өөрсдийн туршлага, чадвараа хуваалцаж, хүмүүнлэгийн үйл ажиллагааны чанарыг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна.

 

МУЗН-ийн нийт хамт олонд дахин баяр хүргэж, цаашдын ажилд амжилт хүсье!



Гэрчилгээ гардуулах ёслолд ОУУЗУХСНХ-ны Дэд Ерөнхийлөгч, Хятадын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхийлөгч Чен Жү, ОУУЗУХСНХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Бүгд Найрамдах Солонгос улсын улаан загалмайн Ерөнхийлөгч Парк Кёон Со болон ОУУЗУХСНХ-ны Удирдах зөвлөлд Ази, Номхон далайн бүсээс сонгогдсон Үндэсний нийгэмлэгийн удирдагчид оролцов.