Нийтэлсэн өдөр: 2019.06.07, баасан
Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Холбооны байгууллагын хүчин чадлын хөндлөнгийн үнэлгээний баг Монголын улаан загалмай нийгэмлэгт ажиллалаа. Монголын улаан загалмай нийгэмлэг нь 2014 оноос эхлэн Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Холбооны “Байгууллагын хүчин чадлын үнэлгээ”-г үе шаттай зохион байгуулж, үйл ажиллагааны зорилт, төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж ирсэн билээ. Уг үнэлгээний эцсийн шатны үнэлгээг хийхээр Олон улсын хөндлөнгийн үнэлгээний баг 2019 оны 5 сарын 12-21ний өдрүүдэд Монгол улсад ажилласан юм. Энэхүү хөндлөнгийн үнэлгээний багийн гишүүд Монголын улаан загалмай нийгэмлэгийн үйл ажиллагаа болон бүтэц, хүчин чадал, стратеги төлөвлөгөөний хэрэгжилт зэрэг нийт 94 шалгуур үзүүлэлтийн дагуу Монголын улаан загалмай нийгэмлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Холбооны байгууллагын хүчин чадлын хөндлөнгийн үнэлгээний багийн гишүүдээс сэтгэгдлийг нь сонссон юм.
ЖЕРРИ ТАЛБОТ: Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааг шат шатанд хөгжүүлж чадсан ховор жишиг тогтолцоотой танилцлаа
Шинэ Зеландын Улаан загалмайн Удирдах зөвлөлийн гишүүн, ноён Жерри Талбот
-Монголд ирэхээс өмнөх сэтгэгдэл, ирээд Монголын улаан загалмай нийгэмлэгт, орон нутагт ажиллаж байхдаа төрсөн сэтгэгдлээ бидэнтэй хуваалцана уу?
-Монголчууд халуун дотно сэтгэлтэй, элгэмсэг ард түмэн байна. Намайг болон үнэлгээний багийн гишгүүдийг халуун дотно, элгэмсэг хүлээж авсанд талархаж байна. Монголын улаан загалмай нийгэмлэгт байгууллагын хүчин чадлын үнэлгээ хийгээд явж байхад шат шатандаа буюу анхан шат, дунд шат, Ерөнхий нарийн бичгийн даргын газар нь нээлттэй, ил тод байгууллага байна гэж харагдаж байна. Аль ч шатанд үйл ажиллагаа нь жигдэрсэн. Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Холбооны байгууллагын хүчин чадлын хөндлөнгийн үнэлгээний баг бүх шатанд ажиллалаа. Сайн дурын идэвхтнүүдийн үйл ажиллагаа болон Монголын улаан загалмай нийгэмлэгийн иргэдэд тэгш, харьцангуй хүртээмжтэй хүрч ажиллая гэсэн хүсэл, эрмэлзэлийг хараад сэтгэл хөдөллөө. Хүрч ажиллаж чадаж байна. Миний хувьд ажилласан энэ хугацаанд онцлог харсан зүйл гэвэл Монголын улаан загалмай нйигэмлэг бүх шатандаа нэг зорилгын дор ажилладаг нь харагдаж байлаа. Хаана ч очиж асуухад нэг зорилго, зорилт, үйл ажиллагааны талаар ярьж байна. Хоорондын уялдаа холбоо маш сайн байна. Зөвхөн иргэд рүү чиглэхээс гадна төр, засагтайгаа нягт холбогдож ажиллаж байгаа нь том ахиц, дэвшил. Яагаад гэвэл Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааг шат шатанд нь хөгжүүлж чадсан. Энэ нь дэлхийн бусад үндэсний нийгэмлэгийн хувьд ховор жишиг тогтоцоо гэж хэлмээр байна.
НООРА МОХАМЕД: Байгууллагын хүчин чадлын үнэлгээгээр сул талаа нөхөх, засах боломж олгодог
Мальдивын улаан хавирган сар нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга, хатагтай Айшат Ноора Мохамед
-Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Холбооны байгууллагын хүчин чадлын хөндлөнгийн үнэлгээний ач холбогдол юу вэ?. Үндэсний нийгэмлэгүүд энэ үнэлгээг хийлгэснээр гарах эерэг үр дүн?
-Байгууллагын хүчин чадлын үнэлгээний тайлан илтгэлийн үер Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа “Байгууллагын хүчин чадлын үнэлгээг гэдгийг энгийнээр тайлбарлавал эрүүл мэндийн үзлэг. Байгууллагыг нэг хүн гэж үзвэл энэ хүний биеийн аль хэсэг нь өвчилсөн байна. хэрхэн яаж арга хэмжээ авч эмчлэх вэ, бусад эрүүл хэсэгт тархаахгүй байхыг олж тогтоох” гэж тодорхойлсон. Энэ энгийн хэрнээ хамгийн оновчтой, зөв тодорхойлолт гэж бодож байна. Байгууллагын хүчин чадлын үнэлгээний аргачлал нь байгууллагынхаа хүчин чадлыг өргөн цар хүрээнд үнэлэх давуу талтай. Мөн сул талыг нь олж тодорхойлсноор цаашид хийх ажлаа тодорхой төлөвлөх, сул талаа нөхөх, засах боломж олгодог. Тэгэхээр байгууллагын хүчин чадлын үнэлгээ Монголын улаан загалмай нийгэмлэгийн хувьд чухал ач холбогдолтой үнэлгээ. Энэ үнэлгээний эхний шатны үнэлгээ хийсэн үндэсний нийгэмлэг цөөнгүй байдаг ч Монголын улаан загалмай нийгэмлэг шиг үе шаттайгаар дахин үнэлүүлж байгаа үндэсний нийгэмлэг цөөхөн. Шат шатны үнэлгээ хийгээд явж байхад үйл ажиллагаагаа улам жигдрүүлсэн, тогтолцоогоо сайжруулсан, нээлттэй, ард иргэдэд хүрч ажиллаж байгаа нь сайшаамаар байна.
АХМАД САМИ: Хүчин чадлаа сайжруулъя гэсэн сэтгэл, хичээл зүтгэлийг нь бид таатай хүлээж авсан
Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Холбооны Ази, Номхон далайн бүсийн Байгууллагын хөгжил хариуцсан зөвлөх, ноён Ахмад Сами
-Өнгөрсөн 9 сард Монголын улаан загалмай нийгэмлэгт ирж үнэлгээ хийгээд буцсан. Одоо 4 дэх шатны үнэлгээгээ хийлгэх хэмжээнд хүрсэн үзүүлэлт юу байна вэ? -Би өнгөрсөн 9 сард ирж Монголын улаан загалмай нийгэмлэгт 3 дахь удаагийн үнэлгээ хийгээд буцсан. Тухайн үед үнэлгээг 94 шалгуур үзүүлэлтээр үнэлсэн. Тэгэхэд Монголын улаан загалмай нийгэмлэг 80 хувийн үзүүлэлт хангасан. Үлдсэн 20 хувь нь энгийн шийдэж болохуйц шалгуур үзүүлэлт байсан. Багахан хэмжээний сэтгэл, зүтгэл гаргахад шийдэж болох зүйл байсан. Бидний зүгээс Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хөндлөгийн үнэлгээ хийх талаар олон дахин ярилцсан. Монголын улаан загалмай нийгэмлэгийн үнэлгээг хүлээн авахад итгэлтэй байсан. Хүчин чадлаа сайжруулъя гэсэн сэтгэл, хичээл зүтгэлийг нь бид таатай хүлээж авсан. Энэ их ажлыг өөрийн биеэр харж, мэдэрсэндээ баяртай байна. Миний хувьд нэр төрийн хэрэг байлаа.
ГВЕНДОЛИН ПАНГ: Монголын улаан загалмай нийгэмлэг сүүлийн 5 жил маш хурдацтай өсөн дэвжиж, илүү олон хүнд хүрч ажиллаж байна
Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Холбооны Бээжин дэх улс орныг дэмжих төлөөлөгчийн газрын дарга хатагтай Гвендолин Панг
-Хариуцдаг бүсийн даргын хувьд Монголын улаан загалмай нийгэмлэгийн байгуулагын хүчин чадлын үнэлгээний үйл явцын талаар сэтгэгдлээ хуваалцана уу?
-Хамгийн түрүүнд Монголын улаан загалмай нийгэмлэг аль ч шатанд ил тод, нээлттэй нийгэмлэг гэдгийг онцолмоор байна. Байгууллагын хүчин чадлын үнэлгээ маш олон шалгуураар тухайн үндэсний нийгэмлэгийг шалгадаг. Энэ шалгууруудыг бүгдийг нь хангаж ажиллаж чадаж байна гэж би хувьдаа харж байна. Монголын улаан загалмай нийгэмлэг сүүлийн 5 жил маш хурдацтай өсөн дэвжиж, илүү олон хүнд хүрч ажиллаж байна. Нийтдээ 3 удаагийн үнэлгээ хийсэн. Үнэлгээ хийгээд дуусах биш сул талаа хэрхэн сайжруулах вэ гэдгээ зохион байгуулалттайгаар хэрэгжүүлж байгаагаас харахад нь энэ байгууллага хүчин чадал, нөөц ямар гэдгийг харж болохоор байна. Үндэсний нийгэмлэгийн хэмжээнд үнэлээд зогсохгүй анхан шат, дунд шатны хороодыг давхар үнэлүүлж аль ч шатанд ямар арга хэмжээ авах шаардлагатай байна вэ гэдгээ гаргаж ирж чадаж байна. Байгууллагын хүчин чадлын үнэлгээнд өндөр ач холбогдол өгч тусгайлан хүн томилж хариуцан ажиллаж байгаа нь өөрсдөө илүү ач холбогдол өгсөн нь харагдлаа. Өнгөрсөн 9 сард хийсэн 3 дахь удаагийн үнэлгээний дараа Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Холбооны төлөөлөгч “Монголын улаан загалмай нийгэмлэгийн хүчин чадал сайжирсан, дараагийн шатны үнэлгээ хийлгэх хэмжээнд хүрсэн” гэж холбоонд мэдэгдсэн. Үүнд үндэслэж 4 дэх удаагийн үнэлгээ хийж байна. Энэ саналыг Монголын улаан загалмай нийгэмлэг хүлээн авснаар бид өнөөдөр ажил хэрэг болгож байна. Хөндлөнгийн үнэлгээ хийлгэх амаргүй. Маш олон шалгуур үзүүлэлтэнд хүрсэн гэдгээ нотлох шаардлагатай байдаг. Энэ нь бусад үндэсний нийгэмлэгүүдэд хүлээн зөвшөөрөгдөх боломж. Монголын улаан загалмай нийгэмлэгийн хамт олонд амжилт хүсье. Энэ үнэлгээний дараа гэрчилгээ авах хэмжээнд хүрсэн гэж найдаж байна. Хэрвээ Монголын улаан загалмай нийгэмлэг энэ гэрчилгээг гардан авбал Ази номхон далайн хэмжээнд Монголын улаан загалмай нийгэмлэгийн нэр хүндэд өндөр ач холбогдолтой зүйл байх болно.
ЛУОНГ ТИ ХОНГ ТУИ: МУЗН-ээс суралцах зүйл бидэнд маш их байна
Вьетнамын улаан загалмайн Хөрөнгө арвижуулах газрын дарга Луонг Ти Хонг Туи
-Таны хувьд монголд анх удаа ирж байгаа. Үнэлгээний ажлаар орон нутгийг зорьсон. Цаг агаарын эрс, тэс уур амьсгалтай үед орон нутагт ажиллахад хэр байсан вэ?
-Миний хувьд Монголд анх удаа ирж байна. Халуун дулаан угтаж авсан. Нийгэмлэгийн төв байран дээр ажиллаж дуусаад хөдөө явсан. Орон нутгийн улаан загалмайн хорооны үйл ажиллагаатай танилцсан. Дунд шатны хорооны ажилтан, сайн дурын идэвхтнүүд ажилдаа дуртай, хайртай байгааг харахад сайхан байсан. Монголын улаан загалмай нийгэмлэгээс суралцах зүйл бидэнд маш их байна. Цаг агаарын хувьд үнэхээр эрс, тэс уур амьсгалтай юм. Манайх халуун, чийглэг уур амьсгалтай. Гэтэл Монгол эрс тэс уур амьсгалтай юм байна. Нэг 7 хоногт маш олон төрлийн цаг агаарын нөхцөл байдлыг үзсэн. Нэг өдөр нь нартай маш дулаахан байснаа өглөө босоход цас орсон байхыг хараад гайхсан. 7 хоног ажиллахдаа Монголын улаан загалмай нийгэмлэгийн ажилтан, хамт олонтой маш дотно танилцаж, найз нөхөд болж чадлаа.
ЖАН И: Монголчуудын бие биенээ гэх сэтгэлийг Монголын улаан загалмай нийгэмлэг үйл ажиллагаагаараа дамжуулан тогтолцоотойгоор гаргаж ирж байгааг хараад сэтгэл хөдөллөө
Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Холбооны Бээжин дэх улс орныг дэмжих төлөөлөгчийн газрын Байгууллагын хөгжил хариуцсан ажилтан, хатагтай Жан И
-Монголын улаан загалмай нийгэмлэгийн анхан болон дунд шатны хороодын үйл ажиллагаатай танилцлаа. Ямар сэтгэгдэл төрөв?
-Монголын улаан загалмай нийгэмлэгийн үйл ажиллагаатай танилцаж өмнө нь олон удаа ирж байсан. Тухайн үед төрж байсан сэтгэгдэлүүд одоо ч хэвээрээ байна. Найрсаг, халуун дотно, нээлттэй. Энэ удаагийн үнэлгээний ажлаар орон нутагт ажилласан. Орон нутгийн анхан болон дунд шатны хороодын ажилтан, сайн дурын идэвхтэн бүр иргэдэд хүрч үйлчилж байгааг харлаа. Бахархаж, хүндэтгэж байна. Сайн дурын идэвхтэн, ард иргэд бие биенээ хэрхэн дэмжиж ажиллаж байгааг харах сайхан байна. Монголчууд бие биедээ туслая гэсэн сайхан сэтгэлтэй ард түмэн. Энэ сэтгэлийг Монголын улаан загалмай нийгэмлэг үйл ажиллагаагаараа дамжуулан тогтолцоотойгоор гаргаж ирж байгааг хараад сэтгэл хөдөллөө.