Нийтэлсэн өдөр: 2019.05.30, пүрэв
Монголын улаан загалмай нийгэмлэгийн санаачилсан “Бяцхан зүрх” төслийн хүрээнд “Энержи Ресурс” компани зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд амьдрал бэлэглэх үүднээс эмчилгээний зардал болох 920 сая төгрөгийн Монголын улаан загалмай нийгэмлэгт гардуулж өглөө.
Энэхүү арга хэмжээ 5 сарын 30-ны өдөр болсон бөгөөд сонгогдсон хүүхдүүдийн эмчилгээний зардал болон урд хөршид эцэг, эхийн аль нэгний хамтаар байрлан эмчлүүлэх зардал 100 хувь багтсан аж. Төслийн хүрээнд нийт 40 хүүхдүүдийг сонгон шалгаруулах, эмчилгээ, хяналт зэрэгт Шастины нэрэмжит III эмнэлгийн зүрхний мэс заслын эмч, мэргэжилтнүүд хамтран ажиллана. Энэхүү үйл ажиллагаанд Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Т.Баярчимэг, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Нөөц хөгжлүүлэх газрын дарга Ц.Ганчимэг, “Энержи Ресурс” ХХК-ийн дэд ерөнхийлөгч Ц.Баасандорж, П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрх судасны мэс заслын тасгийн их эмч Б.Булган нар оролцлоо.
Байнгын эмнэлгийн хяналтанд байдаг хүүхдүүдээс эхний ээлжинд яаралтай эмчлүүлэх шаардлагатай хүүхдүүдийг сонгох бөгөөд Монголд эмчлэх боломжтой эсэх, амьжиргааны түвшин зэргийг харгалзаж үзэж сонгох юм байна. Энэхүү аян амьдралын боломж тааруу, зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд амьдрал бэлэглэх зорилготой юм.
Энэхүү төсөл нь 2017 оноос хойш хэрэгжиж байгаа бөгөөд нийтдээ 100 гаруй хүүхдэд зүрхний хагалгаа хийж амьдрал бэлэглээд байна.