Нийтэлсэн өдөр: 2018.10.24, лхагва
Монголын улаан загалмай нийгэмлэг, Онцгой байдлын ерөнхий газар төв, орон нутгийн 21 аймаг, 9 дүүргийн Онцгой байдлын газар, хэлтэс болон дунд шатны Улаан загалмайн хороодын дарга нарын туршлага солилцох уулзалтыг 72 хүний бүрэлдэхүүнтэйгээр Улаанбаатар хот, Манжуур хотод энэ оны 10 дугаар сарын 17-23-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Уулзалтын хүрээнд аймгуудын Улаан загалмайн дунд шатны хороо, Онцгой байдлын газар, хэлтсийн удирдлагууд хэрхэн хамтран ажилладаг талаар сайн туршлагаа хуваалцлаа. Мөн Дорнод аймгийн Улаан загалмайн хороо, Онцгой байдлын газрын болон тус газрын улаан загалмайн анхан шатны хорооны үйл ажиллагаа, Чойбалсан хотын Хан Уул цогцолбор сургууль, 2 дугаар цэцэрлэгийн хамт олны хүмүүнлэгийн үйлсэд хувь нэмрээ оруулж буй туршлагатай танилцлаа.
БНХАУ-ын Манжуур хотын намын хорооны дарга Чи Байжинь, намын хорооны дэд дарга Лян Пэн, Манжуур хотын улаан загалмайн нийгэмлэгийн дарга Гао Линь, тус хотын онцгой байдлын асуудал эрхэлсэн дарга Хү Ши Хэ нар уулзалтад оролцогчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Манжуур хотын Улаан загалмай нийгэмлэг Дорнод аймгийн Улаан загалмай хорооны хамтын ажиллагаа, ололт амжилтын талаар танилцуулж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо. Уулзалтын үр дүнд Манжуур хотын онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага, Дорнод аймгийн Онцгой байдлын газартай хамтран ажиллахаар тохиролцов.
Манжуур хотын Улаан загалмайн хорооны Пин Ань эмнэлэг уулзалтад оролцогчдоос 10 хүнийг үнэ төлбөргүйгээр эмчийг үзлэг, шинжилгээнд оруулж зөвлөгөө өгсөн.
Мөн уулзалтанд оролцогчид Нийслэлийн онцгой байдлын газар зочилж, тус байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, музейг үзэж сонирхов.