2026-07-27

Зүүн Азийн Улаан загалмайн залуучуудын зуслан цугларалт 10 дах жилдээ Монгол Улсад зохион байгуулагдаж байна.
Монголын улаан загалмай нийгэмлэг болон Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо хамтран 2017 оноос эхлэн зохион байгуулж ирсэн бөгөөд Зүүн Азийн Үндэсний нийгэмлэгүүдийн дэмжлэг, оролцоотойгоор хэрэгжүүлдэг, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд залуучуудын нөхөрлөл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх зорилготой бүс нутгийн томоохон платформ юм.
Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нээлтийн ажиллагаанд хэлсэн үгэндээ, Зүүн Азийн бүс нутагт тулгарч буй цаг уурын тулгамдсан асуудал, практик үйл ажиллагаа, технологийн дэвшил, инновацийг ахиулахад залуучуудын манлайлал өсөн нэмэгдэх болсон. Тиймээс ч энэ жил Зүүн Азийн Улаан загалмайн Залуучуудын зуслан цугларалтыг “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход залуучуудын оролцоо Жижиг үйлдэл - Том нөлөө” сэдвийн дор зохион байгуулж байна.
Зүүн Азийн Улаан загалмайн үндэсний нийгэмлэгүүдэд хэрэгжүүлж буй залуучуудын санаачилсан уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, дасан зохицоход чиглэсэн үйл ажиллагаанууд нь зуслан цугларалтад оролцож буй залуучуудын оролцоог улам бэхжүүлж, туршлагыг бодит үр дүнд хүргэх чухал боломж болж байгааг онцлоод Зуслан цугларалтын ажиллагаанд амжилт хүслээ.
2023 оны Ази, Номхон далайн бүсийн бага хурлын үр дүн болон “Hanoi Call for Action”-д уур амьсгалын өөрчлөлтөд урьдчилан бэлтгэх, сөрөг нөлөөллийг бууруулах, дасан зохицох арга хэмжээг яаралтай хэрэгжүүлэх шаардлагыг онцлон тэмдэглэсэн. Мөн уур амьсгалын өөрчлөлтөд бэлэн, чадавхтай Үндэсний нийгэмлэгүүдийг хөгжүүлэхийн чухлыг онцолсон юм.
Энэ хүрээнд залуучуудын шинэ санаа, санаачилгыг олон нийтийн түвшинд бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэхэд зуслан цугларалтын зорилго чиглэж байна.
“Зүүн Азийн Улаан загалмайн залуучуудын зуслан цугларалтад Монгол, БНСУ, Япон, БНХАУ болон Хонконг, Макаогийн Улаан загалмайн 60 гаруй залуучууд оролцож байна.

2026-07-27
2026-07-27