2026-10-15

Монголын улаан загалмай нийгэмлэг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаан загалмай байгууллага хамтран 2017 оноос “Бүс ба зам” төслийг санаачлан хэрэгжүүлж ирсэн. Энэ санаачлагын хүрээнд төрөлхийн зүрхний эмгэгтэй хүүхдүүдийг “Бүс ба Зам-Сахиусан тэнгэрийн аялал” төсөлд хамруулж, үнэ төлбөргүй хагалгаанд хамруулдаг. Төрөлхийн зүрхний эмгэгтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй мэс засал хийх төслийг Монгол улсад амжилттай хэрэгжүүлж, одоогоор 164 хүүхдэд амьдрал бэлэглээд байна.
Энэ төслийн хүрээнд 2024, 2025 онд зүрхний төрөлхийн эмгэгтэй 36 хүүхэд хагалгаа амжилттай хийснээс 14 хүүхдийг давтан үзлэгт хамруулж байна. Эдгээр хүүхдүүдийг 2026 оны 10 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд БНХАУ-ын Хөх хотын Монгол эмнэлэгт давтан үзлэгт хамруулж байна. Хүүхдүүд үзлэг шинжилгээнд хамруулахаас гадна шинжлэх ухааны музей, БНХАУ-ын Хөх хотын Улаан загалмайн байгууллагын Анхны тусламжийн төвтэй танилцуулсан юм. Мөн тоглоомын төвөөр аялуулж нэг өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлэв.
Давтан үзлэгт явсан эцэг эхийн төлөөлөл ийнхүү бидэнд сэтгэгдлээ хуваалцсан юм. Төсөлд хамрагдсан Б.Тэмүүлэнгийн ээж “Би хүүгээ төрсний дараах 11 дэх хоног дээр нь төрөлхийн зүрхний гажигтай болохыг нь олж мэдсэн. Тэгээд л хаана мэс засал хийлгэх үү, яах уу? гээд л эрэл хайгуулд гарсан. Азаар хүү маань Хятад, Монголын хамтарсан “Сахиусан тэнгэрийн аялал” төсөлд 2025 онд БНХАУ-ын Бээжин хотод мэс заслын эмчилгээ амжилттай хийлгэсэн. Одоо ингээд давтан үзлэгээ хийлгэж байна. Хүү маань эрүүл саруул болсон гэж эмч нар хэллээ. Миний хүү их азтай юмаа. Бид бүгдээрээ хүүгээ эрүүл болсон гэдгийг сонсоод сэтгэл өндөр байна. Ээж надад энээс өөр сайхан мэдээ гэж юу байх билээ” хэмээн ярив.
Зургийг эмч, эцэг эхийн зөвшөөрөлтэй нийтлэв.

2026-10-15
2026-10-15
2026-10-15
2026-10-15
2026-10-15