2025-11-05

Кибер гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн дархлааг бэхжүүлэхэд чиглэсэн онолын үндэслэл, бодлогын шинэ шийдэл, олон улсын туршлагыг шинжлэх ухааны түвшинд хэлэлцэх зорилготой “Кибер гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил: Онол, чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөгжлийн төвд болж байна.
Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хуралд Франц Улсын Ази судлалын төвийн эрхлэгч доктор, Арно Лево, ОХУ-ын гавьяат хуульч, эрүүгийн эрх зүйн шинжлэх ухааны доктор Профессор Семён Лебедев, Сенегалын Боловсролын хөгжлийн үндэсний хүрээлэнгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Мамаду Файе, Алжир Улсын Ахмед Забана их сургуулийн дэд профессор Abdelkrim Bouadjemi, Кибер аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Э.Балдансамбуу болон Үндэсний кибер аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллага, Их, дээд сургууль, Эрдэм шинжилгээний хүрээлэн, салбарын судлаач, доктор, эрдэмтэн, багш нарын төлөөлөл оролцож байна.
Хурлыг нээж Дотоод хэргийн их сургуулийн Дэд бөгөөд Эрдэм шинжилгээ, инновацын газрын захирал, доктор, дэд профессор, цагдаагийн хурандаа С.Гантулга, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Т.Баярчимэг нар үг хэлсэн юм.
“Кибер гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил: Онол, чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд нийт 60 гаруй эрдэм шинжилгээний илтгэл ирүүлснээс 8 илтгэл оролцогчдийн дунд хэлэлцэгдэж байна.


2025-11-05
2025-11-05