Нийтэлсэн өдөр: 2018.07.09, даваа
Ази номхон далайн бүсийн захирал Хавиэр Кастеяанос, дэд захирал Мартин Фаллер, Зүүн азийн бүсийн дарга Гвендолин Панг болон МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Хөтөлбөр хамтын ажиллагааны газрын дарга Б.Даваажаргал нар Дархан-Уул аймагт ажилаллаа.
Тэд тус аймгийн Улаан загалмай хороо болон Хонгор, Дархан сум, ОБЕГ зэрэг газруудаар явж хүмүүнлэгийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулж буйтай танилцжээ.
Хонгор сумын Улаан загалмайн анхан шатны хорооны тэргүүн Н.Ганбаатар, нарийн бичгийн дарга Д.Түвшинжаргал нар орон нутагт улаан загалмайчдын эгнээг тэлэх, хүмүүнлэгийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулж байгаа тухай ярьжээ. Тус сумынхан бүгдээрээ улаан загалмай гишүүн болох зорилт тавьсан бөгөөд одоогоор 30 хувь нь гишүүнээр элсэж орсон гэнэ.
Гамшгийн эрсдэлийг бууруулах зорилгоор МУЗН-ийн хэрэгжүүлж буй төслийн хөрөнгөөр Дархан-Уул суманд галын сараана, усан хөөргийг барьсан. Өнгөрсөн хугацаанд тус усан хөөргийн тусламжтайгаар айлын хашаа, хураасан өвс, модонд гал гарах үед яаралтай арга хэмжээ авч, галын зогсоосон байна. Усан хөөрөг 1,2 тонныг багтаамжтай учраас гал гарах үед яаралтай арга хэмжээ авч, хангалттай усаар галыг унтраасан тухай Дархан-Уул сумын Сайн дурын идэвхтнүүд танилцуулж байв. Мөн энэ суманд гамшиг тохиолдсон үед ажиллах 15 сайн дурын идэвхтэнг бэлтгэсэн. Тэд энэхүү сараана, усан хөөрөгийг ашиглаж 3-4 удаагийн галыг амжилттай унраасан гэнэ.
Түүний дараа Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт ажиллажээ. Дархан-Уул аймгийн Улаан загалмай хороо Онцгой байдлын газартай хамтын ажиллагаа сайтай, бусдад туршлага болохуйц үйл ажиллагааг хамтран зохион байгуулдаг юм. Тухайлбал, тус газарт Улаан загалмай хорооноос тохижуулсан сургалтын танхим бий. Энд албан хаагчид улаан загалмайн үйл ажиллагаатай танилцахаас гадна олон төрлийн сургалтуудыг зохион байгуулж иржээ. Мөн тэд тус газрын гамшгийн нөхцөл байдалд хэрхэн ажиллах дадлага сургуулилтын байрыг үзэж сонирхжээ. Газар хөдлөлт болоход чичирхийлэл хэрхэн болох, харанхуй орчинд аврах ажиллагааг хэрхэн зохион байгуулах зэрэг бодит орчинг энд бүрдүүлсэн байна.
Мөн Улаан загалмай хорооны Халамж өргөөгөөр зочилжээ. Хэвтрийн өвчний асаргаа сувилгааны сургалт болон халамжлуулагч нарын шатар, даамны тэмцээнийг зохион байгуулж байхтай таарлаа. Тэмцээнд төрүүлсэн ахмадуудад тэд шагналыг нь гардуулж, урам нэмсэн байна.
Түүний дараа тус Улаан загалмай хорооны онцгой гишүүн, Улсын сайн малчин С.Гантөмөрийнд зочилжээ. Малчин С.Гантөмөр Улаан загалмай хороонлд 50 бог мал хандивлаж, Нигүүлсэнгүй үйлст манлай малчингаар өргөмжлөгдсөн юм. Түүний ах, дүү 7-8 өрх бүгд Онцгой гишүүн бөгөөд улаан загалмайчид ажээ.