Цаг уурын мэдээнд тулгуурлан гамшгаас урьдчилан сэргийлэх эдийн засгийн үр ашгийг танилцууллаа

Нийтэлсэн өдөр: 2018.07.25, лхагва

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хуралд Ази номхон далайн бүсийн захирал Хавиэр Кастеяанос албан мэдэгдэл гаргалаа. Тус хурлаас гарах Улаанбаатарын тунхаглалыг дэмжин ажиллахаа нэн тэргүүнд илэрхийллээ. Мөн гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн оролцоог чухалчилж, хүн төвтэй үйл ажиллагаанд хөрөнгө оруулахад анхаарч ажиллахыг уриалсан байна. Нийгмийн эмзэг байдлыг сайжруулах, гамшгийн эрсдэлийг даван туулах чадавхид эмэгтэйчүүдийн үнэлэмж, оролцоог нэмэгдүүлэх, тэгш байдлыг хангах үйл ажиллагааг дэмжиж ажиллах талаар мэдэгдэлдээ дурджээ. 


Тус бага хурлын Гамшгийн эрсдэлийг бууруулахад хөрөнгө оруулах нь сэдэвт техникийн уулзалтад МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа оролцлоо. Цаг уурын урьдчилан сэргийлэх мэдээнд тулгуурлан гамшгийн эрсдэлийг урьдчилан тооцоолж, хөрөнгө оруулалт хийхийн эдийн засгийн үр ашгийн талаар ярьсан. 


МУЗН энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж, цаг уурын мэдээнд тулгуурлан тусламжийг үзүүлсэн юм. Зуд гамшиг тохиосон үед нь бус урьдчилан хүмүүнлэгийн тусламжийг хүргэснээр бага хохирч, эрсдэлийг бууруулж чаджээ. Өөрөөр хэлбэл, боодол өвс тутмаас 0,7 ам. доллар хэмнэж буй эдийн засгийн тооцоо гарсан байна. 

Эрт зарлан мэдээлж, урьдчилан сэргийлэх сэдэвт салбар хуралдаанд Дархан-Уул, Төв аймгийн малчид оролцож туршлагаа хуваалцлаа. Тэд МУЗН-ийн цаг уурын мэдээнд суурилсан тусламжийн хөтөлбөрт хамрагдаж, хүмүүнлэгийн тусламжийг цаг алдалгүй хүртэж чадсан талаараа энэхүү олон улсын хуралд туршлагаа танилцууллаа. 


Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хуралд Улаан загалмайчид идэвхтэй оролцож, нээлттэй индэр болон салбар хуралдаануудад байр сууриа илэрхийлж байна.