Нийтэлсэн өдөр: 2018.02.14, лхагва
Эрхэм Хүндэт хүмүүнлэгийн үйлстэн,
Эх орны маань өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч буй Улаан загалмайчид аа!
Монгол түмний минь өв уламжлал, ёс заншил, өвөг дээдсээ хүндлэх зан үйлийн илэрхийлэл болсон Сар шинийн баярын мэндийг Та бүхэндээ дэвшүүлье.
Өвлийг өнтэй давж, урин хаврыг угтан золгох энэ цаг мөчид Та бүхэн улиран одож буй он цагт хийж гүйцэтгэсэн үйлс, бүтээлээ дүгнэн ирэх жилийн ажлаа төлөвлөсөн гэдэгт итгэлтэй байна.
Улиран одож буй гал тахиа жилийг Улаан загалмайч бид бүхэн амжилт, бүтээлээр дүүрэн үдлээ. Хүмүүнлэгийн салбарт төрдөө нэмэлт хүч болон ажиллах үүргээ бид амжилттай гүйцэтгэж байна. Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө чамгүй алхмуудыг хийж чадлаа. Мөн хүмүүнлэг үйлсийн төлөө дорвитой бүтээн байгуулалтыг ч өрнүүлэв.
Хүүхэд залуучуудын Хөгжлийн төвийг байгуулж, Зүүн Азийн орнуудын улаан загалмайч хүүхдүүдийн зуслан цугларалтыг зохион байгуулав. Онцгой байдлын ерөнхий газартай хамтран гамшиг ослын үед ажиллах чадавх бүхий 320 сайн дурын идэвхтэнг 21 аймагт бэлтгэсэн. Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг түгээн дэлгэрүүлэх ажлын хүрээнд бүс нутгийн сургалтуудыг амжилттай зохион байгуулав.
Монголын улаан загалмай нийгэмлэг нь зуданд өртсөн болон зудын нэн өндөр эрсдэлд буй малчдад туслах хүмүүнлэгийн тусламж, хөтөлбөрийг орон даяар зохион явуулж байна. Өнгөрөгч жилийн хувьд 13 аймгийн 5480 малчин өрхөд бэлэн мөнгө болон өвс, эрдэст тэжээлийн багц бүхий 2.8 тэрбум төгрөгийн тусламжийг хүргүүллээ.
Мөн нийгмийн халамж үйлчилгээг эмзэг бүлгийнхэнд хүргэх, нийгмийн эрүүл мэндийг дэмжих, хүүхэд залуусыг хүмүүнлэг үйлсэд уриалан оролцуулах зэрэг үйл ажиллагаагаа тогтмол өргөжүүлэн зохион байгуулж байна.
Бид өнгөрсөн жилийн хугацаанд гамшгийн менежментийн хөтөлбөрийн хүрээнд 102.838 хүн, нийгмийн халамжийн хөтөлбөрийн хүрээнд эмзэг бүлгийн 73.515 хүнд халамж, үйлчилгээг хүргэж, 18.592 нэн ядуу, бага орлоготой өрхийн амьжиргааг дэмжив. Мөн нийгмийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 42.072 хүнд хүрч ажилласан бөгөөд хүүхэд залуучуудын хөтөлбөрт 145.500 хүүхэд хамруулжээ.
Цаашид Та бид хүмүүнлэгийн үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлж, иргэдийн амьжиргааг сайжруулах, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, нийгмийн эрүүл мэндийг дэмжиж, эмзэг байдлыг багасгахын төлөө үр дүнтэй хамтран ажиллана гэдэгт итгэж байна.
“Тийн унжлагат” хэмээх шороон шар нохой жилдээ төрлөөрөө түвшин амгалан, элгээрээ энх мэнд сайхан шинэлээрэй.
Хүндэтгэсэн,
ЕРӨНХИЙЛӨГЧ Н.ЭНХБОЛД
ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.БОЛОРМАА