Нийтэлсэн өдөр: 2018.01.26, баасан
Монголын Улаан загалмай нийгэмлэг нь Британийн Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран “Цаг уурын урьдчилсан мэдээнд суурилсан санхүүжилт” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 12 аймгийн 40 сумын 2000 малчин өрхөд бэлэн мөнгөний тусламж /өрх тус бүрт 240.000 төгрөг/-ийг Хаан банкаар дамжуулан 2017 оны 12 дугаар сард олгосон.
Тусламж хүртэх 12 аймгийн 40 сумыг “Ус, цаг уур орчны судалгаа, шинжилгээний газар”-аас бэлтгэн гаргасан 2017 оны 11 дүгээр сарын 24-ны зудын эрсдэлийн зураглалд түшиглэн сонгосон юм.
Зудын эрсдэлд өртөх магадлалтай энэхүү 2000 малчин өрхөд дараагийн тусламж болох малын эрдэс тэжээлийн багцыг хүргэх хүмүүнлэгийн цуваа өчигдөр буюу 1-дүгээр сарын 25-нд нийслэлээс хөдөллөө. Тусламжийн багцад өрх тус бүрт туурайн тос, нүдний түрхлэг, амин тун, ашигт долооц, загасны тос зэрэг цас, зудын үед малд шаардлагатай нэн хэрэгцээт бүтээгдэхүүн, эрдэст тэжээлийн нэмэлтүүд багтсан. Нэг өрхөд хуваарилагдаж буй багц нь 115,000 төгрөгийн өртөгтэй. Тэгэхээр тус хөтөлбөрт хамрагдсан малчин өрх бүр бэлэн мөнгөний тусламж болон тэжээлийн багц нийт 355.000 төгрөгийн тусламжийг энэ удаагийн хөтөлбөрийн хүрээнд хүлээн авч байгаа юм.
Малын эрдэс тэжээлийн багцийн тусламж Архангай, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Ховд, Баян-Өлгий, Булган, Сэлэнгэ, Завхан, Хэнтий, Төв аймгийн 40 сумын зорилтот бүлгийн малчин өрхөд хүрнэ.