Нийтэлсэн өдөр: 2018.01.24, лхагва
Манай улсын хэмжээнд зам тээврийн осол, түүнээс шалтгаалан амь насаа алдах, ноцтой бэртэл авах тохиолдол сүүлийн жилүүдэд тасралтгүй нэмэгдсээр байгаа аж. Тиймээс зам тээврийн ослыг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Зам тээврийн хөгжлийн яам ,Эрүүл мэндийн яам, Замын цагдаагийн газар, Азийн хөгжлийн банк зэрэг газрууд хамтран "Замын хөдөлгөөний аюулгүй байдал TA-9137 MON" төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Төслийн хүрээнд олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулж байгаагийн нэг нь хот хоорондын зам дагуух "хар цэгүүд" буюу осол ихээр гардаг байршлууд болон дэн буудал, зоогийн газар, үйлчилгээний цэгүүд зэрэг төвлөрсөн газруудад ажилладаг ажилтнуудын анхны тусламж үзүүлэх чадавхийг сайжруулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Монголын улаан загалмай нийгэмлэг энэхүү үйл ажиллагаанд хамтран оролцож, анхны тусламжийн сургалт явуулах, анхны тусламжийн иж бүрдлээр хангах, олон нийтэд зөв мэдлэг, хандлага төлөвшүүлэх ажлыг хэрэгжүүлж эхлээд байна.
Энэ ажлын эхлэл болгон 2018 оны 1-дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар- Дархан чиглэлийн замд байрладаг "Урьхан" зоогийн газрын удирдлагууд болон харьяалах сум Төв аймгийн Борнуур сумын Эрүүл мэндийн төвийн эмч ажилчдад "Зам тээврийн ослын үед анхны тусламж үзүүлэх нь" сэдвээр сургалт зохион байгууллаа. Мөн тус байгууллагад анхны тусламжийн булан байгуулж өгөв.
"Урьхан орчмын зам нь эвдрэл ихтэй, замын ачаалал өндөртэйн улмаас явган зорчигч, мал амьтан осолд өртөх эрсдэлтэй байдаг. Ослын үед 5 км-ийн зайд орших Борнуур сумын эмнэлгээс түргэн тусламж ирэх боловч түргэн тусламжийн шаардлага хангаагүй ганц машинтай тул эмнэлгийн тусламж үзүүлэх боломж тун хэцүү. Харин Та бүхний санаачлан хэрэгжүүлж буй энэ ажил нь маш хэрэгцээтэй зүйл болж байна. Бид осол гарах үед очдог ч гар хоосон, мэдлэг дадал байхгүйн улмаас дэмий харж зогсохоос өөр юм хийж чаддагүй" хэмээн Урьхан зоогийн газрын менежер ярьсан юм.
Монголын улаан загалмай нийгэмлэг нь цаашид дээрх байгууллагуудтай хамтран замын цагдаагийн ажилтнууд болон хот хоорондын тээвэр эрхлэгч, жолооч нарт сургалт явуулах, нөлөөллийн ажил зохион байгуулахаас гадна жолооны дамжаа бүрт анхны тусламжийн сургалт оруулах ажлыг төлөвлөөд байна.
Зам тээврийн осолд авто замын дэд бүтэц, замын хөдөлгөөний болон тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, жолооч, явган зорчигчдын мэдлэг, хандлага гэх мэт олон хүчин зүйл нөлөөлдөг. Ослын үед хүний амь нас, эрүүл мэндэд учрах хохирлыг багасгахын тулд олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах нь нэн чухал бөгөөд үр дүнтэй арга юм. Манай улсын хувьд жилд ойролцоогоор 450-500 хүн зам тээврийн ослын улмаас амь насаа алддаг гэсэн судалгаа бий. Уг судалгаанаас харахад, зам тээврийн осолд өртөгсдийн 70% нь цаг алдалгүй анхны тусламж авч чадаагүйн улмаас нас барсан гэсэн харамсалтай дүгнэлт гарчээ.
Аливаа ослын дараах "Алтан цаг" буюу нэн яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай хугацаа гэж байдаг. Энэ үед нь зөв зохистой тусламж үзүүлэх нь осолд өртөгчийн амь насыг аврах, гэмтэл бэртлийн ноцтой байдлыг бууруулах чухал алхам юм. Тухайн зам тээврийн ослыг хамгийн түрүүнд харсан, хамгийн ойр байсан хэн ч болов энэхүү анхны тусламжийг яаралтай үзүүлэх боломжтой юм.