Малчдад туслах хүмүүнлэг тусламжийн цуваа замд гарлаа

Нийтэлсэн өдөр: 2017.12.20, лхагва

Монголын улаан загалмай нийгэмлэгээс “Гамшгийн үеийн яаралтай тусламж” төслийн хүрээнд Төв, Өвөрхангай аймгийн 13 сумын малчин өрхүүдэд тараах хүмүүнлэгийн тусламжийн өвсийг өнөөдөр Улаанбаатар хотоос орон нутгууд руу илгээлээ. Монголын улаан загалмай нийгэмлэг нь энэхүү төслийг Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа юм. Тусламжийн өвсийг байгалийн болон таримал ургамлын 2017 оны ургацаас шим тэжээл сайтай үед нь Дорнод аймгийн сумдаас хадаж, бэлтгэн хатаасан бөгөөд эхний ээлжинд 15.000 боодлыг малчдад хүргэх юм. Хүмүүнлэгийн тусламжийг хоёр ээлжээр хүргэж байгаа бөгөөд 1-дүгээр ээлжинд Төв аймгийн  Цээл, Эрдэнэсант, Борнуур, Баянхангай, Өвөрхангай аймгийн Хархорин, Хайрхандулаан сумууд 2-дугаар ээлжинд Төв аймгийн Заамар, Өндөрширээт, Дэлгэрхангай, Бүрэн, Өвөрхангай аймгийн Өлзийт, Баянгол сумын малчин өрхүүд хамрагдаж байна.

МУЗН-ийн Хөтөлбөр, хамтын ажиллагааны газрын дарга Б.Даваажаргал, “Өнгөрсөн сарын сүүлээр “Ус, цаг уур орчны судалгаа, шинжилгээний газар”-аас гаргасан зудын эрсдэлийн зургаас харахад Монгол орон даяар нийт 12 аймгийн 40 сум зудын нэн өндөр эрсдэлтэй байгаа. Эдгээр сумдаас хамгийн өндөр эрсдэлтэй хоёр аймгийн 13 суманд эрсдэл үүсэхээс нь урьтаж, бэлтгэл хангах үүднээс ийнхүү тусламжийн өвсийг хүргэхээр бэлтгэсэн юм. Мөн бид 2000 гаруй малчин өрхөд бэлэн мөнгө, малын эрдэс, тэжээлийн багц хүргэхээр зорин ажиллаж байгаа. МУЗН анх удаа энэ жилээс зудын эрсдэлээс сэргийлж, урьдчилсан байдлаар бэлтгэн ийм арга хэмжээ авч байна” гэв. 

 

“Монголын улаан загалмай нийгэмлэгийн үндсэн зорилгуудын нэг бол байгалийн гамшиг ослоос хүний амь нас, амьжиргааг хамгаалж төрдөө туслах юм. Бид сүүлийн хоёр жилийн хугацаанд 8880 малчинд хүмүүнлэгийн тусламжаа хүргэсэн. Зөвхөн өвс тэжээл ч биш бэлэн мөнгөний тусламжийг бас олгодог. МУЗН бол улсын онцгой комиссын гишүүн байгууллага. Тиймээс бид энэ ажлыг анхлан эхэлж байна. Одоогийн байдлаар зудын өндөр эрсдэлтэй байгаа аймаг, сумдын малчдын нэрсийн жагсаалт бидэнд ирсэн. Бид өндөр настай, 4-өөс дээш хүүхэдтэй гэх мэт тодорхой шалгуурын дагуу судалгаа хийн төсөлдөө хамруулж, хэрэгтэй тусламжуудыг шат дараалан хүргэх болно” гэж МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа онцолсон юм.