ҮГЭЭР ИЛЭРХИЙЛШГҮЙ ИХ АЗ ЖАРГАЛЫГ МЭДЭРЧ БАЙНА

Нийтэлсэн өдөр: 2017.12.04, даваа

 

Г.Жавзандулам: ҮГЭЭР ИЛЭРХИЙЛШГҮЙ ИХ АЗ ЖАРГАЛЫГ МЭДЭРЧ БАЙНА

      Энэ хорвоод хүмүүн заяаг олж мэндлэх нь юутай ч харьцуулшгүй их хувь заяа. Энэ их хувь заяанд түшиглэсэн хүн бүрийн тавилан амьдралд өөр өөрөөр хөл тавьдаг. Эгэл болон эгэлгүй олны дээдийн дээд заяа нь эрүүл оршихийн эрхэм чанар билээ. Гэвч хүмүүн биеийг олж мэндэлсэн эрхэм биесийн зарим нь оршин буй ахуйн онцлог болон гаднын янз бүрийн нөлөөллөөс хамаарч төрөлхийн янз бүрийн эмгэгтэй төрөх нь бий. Тэдний нэг хэсэг болох зүрхний төрөлхийн эмгэг хэмээх уршигт өвчин сүүлийн жилүүдэд манай улсад багагүй тоон үзүүлэлттэй байх болсон. Гэхдээ энэхүү өвчинг бүрэн эмчилж, анагаадаг нь асар их завшаан юм.

      Гэр бүлийнхнийхээ амин эрдэнэ нь болсон бяцхан үрс эрүүл энх болоод буцаж ирлээ. Энэ хорвоод дөнгөж мэндэлчихээд юуг ч мэдэрч амжаагүй шахам байж, маш хүнд хагалгаа, мэс ажилбарыг даван туулж, шаналгаат зовиураасаа салсан бяцхан үрс, эцэг,эх, эмээ, өвөө, ах дүүгээ баярлуулан дээд заяатайгаа “золголоо”. Тиймээ, энэ бол зүрхний төрөлхийн эмгэг өвчинтэй гэсэн оноштойгоор тун саяхан хилийн чанадыг зорьж байсан манай баатрууд. Тэд өнгөрөгч бямба гарагт эх орондоо ирлээ. Хүүхдүүдээ хүлээн догдолж зогсох гэр бүлийнхэн, тэднээс дутуугүй баярлаж угтах улаан Загалмайчууд. “Ямар азаар ийм сайхан хүмүүнлэгийн үйлст байгууллага байдаг юм, бид үнэхээр азтай” гэж ар гэрийнхэн нь дахин дахин онцолж байсан. Тиймээ, Олон Улсын Улаан Загалмай гэж ийм л нигүүлсэнгүй үйлст байгууллага юм.

      Байгууллагын нигүүлсэнгүй олон ажлын өчүүхэн хэсэг болох дээрх төслийн талаар эргэн сануулахад, БНХАУ-ын Улаан загалмайн нийгэмлэг, Улаан загалмайн сангаас Монгол Улсад хүүхдийн зүрхний төрөлхийн гажиг өвчний эмчилгээний чиглэлээр хэрэгжүүлэх төслийг МУЗН-тэй хамтран хэрэгжүүлэхээр болсон билээ. Энэхүү төслийн үр дүнгээр зүрхний гажигтай 100 хүүхдийг үнэ төлбөргүйгээр эмчилхээр болсон. Өнгөрөгч 10-дугаар сарын эхээр 14 хүүхэд Хөх хотыг зорьж, эмчилгээнд явсан бол удалгүй дахин 41 хүүхэд эцэг эхийнхээ аль нэгэн асран хамгаалагчийн хамт  Бээжин хотыг зорин амжилттай эмчлүүлээд ирсэн. Хүүхдийн эмчилгээ, замын зардал болон Бээжин хотод  байх  эцэг, эхийн аль нэгнийх нь зардлыг төсөл хэрэгжүүлж буй байгууллагууд 100% хариуцсан юм. БНХАУ-аас ирсэн эмч нар манай улсын эмч нарын багтай хамтран Шастины нэрэмжит III эмнэлгийн хяналтад байж, эмчилгээ хийлгэдэг хүүхдүүдээс эхний ээлжинд яаралтай эмчлүүлэх шаардлагатай хүүхдүүдийг сонгосон. Мөн  Монгол Улсад эмчлэх боломжгүй болон амьжиргааны төвшин тааруу гэсэн үзүүлэлтийг ч мөн чухалчилжээ.  Эмчилгээнд хамрагдсан хүүхдүүдийн бага нь 4 сартай, том нь 12 настай.

      Ингээд эрүүл зүрхтэй болсон бяцхануудаа тэвэрсэн, итгэл сэтгэлдээ баяр жаргалаар бялхсан эцэг, эхийн сэтгэгдлүүдээс хүргэе.

Б.Буянбадрахын ээж Б.Нямгэрэл:

-Сайн явж ирэв үү. Хүүгийнх нь бие сайн уу?

      -Хүү маань 2017 онд төрсөн, одоо найман сартай. Төрснийхөө дараа төрөлхийн зүрхний гажигтай гэж оношлогдсон. Ингээд урагшаа эмчилгээнд явах хүүхдүүдийн жагсаалтад багтаад эмчилгээгээ амжилттай хийлгээд ирлээ. Энд байхдаа эмнэлгийн хяналтад байж, байнгын эм, эмчилгээтэй байсан. Одоо биеийн байдал эрс сайжирсан.

-Очиход эмчилгээ үйлчилгээ нь хэр байв?

      -Өө маш сайхан байсан. Эмнэлгийн орчин нөхцөл, эмч нарын харилцаа хандлага үнэхээр гайхалтай юм байна лээ. Эмч нар нь цаг үргэлж үзэж, асууж маш их анхаарал хандуулдаг мундаг юм.

-Энэ төрлийн өвчинтэй олон хүүхэд бий. Гэтэл ийм сайхан төсөлд хамрагдаж гадаадад үнэ төлбөргүй эмчлүүлээд ирнэ гэдэг том завшаан. Энэ талаарх сэтгэгдлээсээ хуваалцаач?

      -МУЗН, БНХАУ-ын Улаан Загалмай нийгэмлэгийн бүх ажилтнууд болон 3-дугаар эмнэлгийн хамт олондоо үнэхээр их баярлаж байна. Энэ олон хүүхдийг ямар ч үнэ төлбөргүйгээр эмчилж, амьдрал хайрлана гэдэг зөвхөн бидний гэр бүлийнхэн төдийгүй улс орондоо хийж буй маш том буянтай ажил гэж бодож байна.

Б. Билгүүний эмээ Алтай:

-Сайн явж ирэв үү? Хүүгийн тань биеийн байдал хэр байна, эндээс ямархуу байдалтай явж байв?

      -Хүү маань их амьсгаадалтай, хөдөлгөөн удаашралттай, нэлээд хүнд байдалтай явсан. Төрснөөсөө хойш байнгын эмнэлгийн хяналтад байсан. Зүрхний төрөлхийн 4 гажигтай гэсэн оноштой. Гэтэл улаан Загалмайгийнхны ачаар хүүгийн маань эхний хагалгаа амжилттай боллоо. Дараагийн шатны давтан хагалгаанд ч хүүг маань хамруулах боломжтой гэсэн их сайхан итгэл зоригийг бидэнд өглөө. Ийм олон хүүхдэд амьдрал бэлэглэж байгаа энэ олон хүмүүсийн буянтай ажилд үнэхээр баярлаж байна.

-Мэс ажилбарын дараа хүүхдийн биеийн байдал хэр байв. Хагалгааны дараа хүүхэд байтугай том хүнд ч хүнд тусдаг?

      -Хүндхэн байсан. Гэхдээ “алтан гар”-тай мундаг эмч нарын хүчээр амархан тэнхэрсэн. Эмч нар нь өглөөнөөс орой болтол эргэж тойрч, их анхаарах юм билээ. Хүү маань одоо чөлөөтэй гүйж байна, амьсгаадах нь эрс гайгүй болсон. Эхний хагалгаа гэхэд том өөрчлөлттэй байгаа. Дараагийн эмчилгээгээр хүү маань бүрэн эдгэрнэ.

А.Хангайгийн ээж Г.Жавзандулам:

-Сайн явж ирэв үү. Хүү нь хэдэн сартай вэ?

      -Хүү маань 10 сартай яваад 11 сартайдаа эрүүл болоод буцаж ирж байна. Хүү маань зүрхний цоорхойтой гэсэн оноштойгоор эндээс явсан. Гэтэл очоод дахин оношлуулахад гурван цоорхойтой болохыг нь мэдсэн. Гэхдээ нэг удаагийн хагалгаагаар бүгдийг нь нөхөж, бүрэн эмчлэгдлээ.

-Та хэд маань сар гаруйн хугацаанд гаднын эмнэлэгт байлаа. Хоол унд нь тохирч байв уу?

      -Үйлчилгээ, тохь тухын хувьд ярих зүйлгүй. Хүүхдүүд маань хагалгаандаа орчихоод богино хугацаанд тэнхэрч байгаа нь мэс засал их сайн хийгддэгийг харуулж байсан. Улаан Загалмайн энэ төсөлд хамрагдаж явснаа маш их аз гэж боддог. Үгээр илэрхийлшгүй их аз жаргалыг мэдэрч байна.

МУЗН-ийн төслийн ажилтан И.Номингоо:

      МУЗН-ээс яг энэ төсөл дээр дагнаж ажиллалаа. Миний хувьд эх, хүүхдүүдийг халамжлан анхаарч, тухайн хуваарилагдсан эмнэлгүүдэд нь хүргэж, бүхий л эмчилгээ асаргааны ажлыг зохицуулж, зохион байгуулах үүрэгтэй явсан. Би өөрөө БНХАУ-д анагаахын чиглэлээр суралцсан эмч мэргэжилтэй учир эмчилгээ, асаргааны бүх зүйлийг тайлбарлаж, анхаарахад дөхөм байлаа.  

-Зүрхний төрөлхийн гажиг гэх энэ эмгэг манай улсад илүү тохиолдоод байна уу. Тухайлбал, Хятадад ямархуу үзүүлэлттэй байдаг юм бол?

-Хятадад ч ялгаагүй иймэрхүү эмгэг их тохиолддог. Ялангуяа өндөрлөг, уулархаг бүс нутагтай Түвдийн нутгаар илүү тохиолддог гэсэн судалгаа байдаг юм билээ.