САЙХАН СЭТГЭЛТ ХҮМҮҮСИЙН АЧААР ҮЕРТ НЭРВЭГДСЭН 34 АЙЛ БАЙШИНТАЙ БОЛЛОО

Нийтэлсэн өдөр: 2017.09.25, даваа

Өнгийн алчуураар толгойгоо боосон бүсгүйчүүд хаа нэг тийш яарч алхана. Нутгийн залуус машин, мотоциклтой сүлжилдэн аймгийн амьдрал ийн зураглалтай үргэлжилнэ. Гэхдээ жил гаруйн өмнө ийн амар тайван аж төрөх нутгийн иргэдийн гэр нэг өдөр усанд урсаж, байшин барилгын ихэнх нь гамшигт нэрвэгдэж, аймгийн төв тэр чигтээ усаар булхаж, нөхөж баршгүй хохирол учирчээ. Тодруулбал, Тус аймагт  өнгөрсөн жилийн долдугаар сарын 10-ны өдөр хүчтэй аадар бороо үргэлжлэн орсны улмаас Өлгий сумын, IX багийн  360 айл үерт автаж орон гэргүй болжээ. Өндөр, өндөр уулсын дунд орших Баян-Өлгий аймаг нь 13 сум, 90 багтай 102 мянган иргэнтэй, гурван сая малтай, хоёр улстай хил залгаа оршдог билээ. Улаанбаатар хотоос 1700 км зайд байрлах алслагдсан орон нутгийн байшин барилга нь хуучирсан, аймгийн төвийн зам нь 1970-аад онд ашиглалтад орсон болохоор эвдэрч элэгдсэн байв. Байгалийн гамшиг гэдэг нэг өдөр л гэнэт нүүрлэж хэдхэн минутын усан бороонд эд хөрөнгө, эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирч, төрж өссөн гэр орноо усанд хөвүүлж, үр хүүхэд, хөгшид ахмадууд даарч чичирч үлдсэн байдаг. Үерт нэрвэгдсэн айл өрхүүд  байшин саваа сэлгэж, зарим нь хамаатан садныхаа гэрт амьдарч, нөгөө хэсэг нь үерт автсан байшингийнхаа нэг буланд нь толгой хоргодож, даарч хөрөн үнэхээр нүд халтирам орчинд амь зууж, өр өвдөм байсан тухай аймгийн удирдлагууд учирлаж байв. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу өдрүүд өнгөрч хэзээ нэг даарахгүй халуун дулаан орон гэртээ эрүүл саруул суух бол гэсэн нутгийн иргэдийн хүсэл биеллээ олж эхэлсэн байна. 
Үер болсноос хойш нэг жилийн хугацаанд Засгийн газрын тусламжаар 100 айл эсгий гэрт орж, Казахстан Улсын тусламжаар 50 айл Казахстан хорооллын байшинд орж, олон байгууллагын тусламжтайгаар зарим айл хоол хүнс, эд зүйлсийн туслалцаа авчээ. Өөрийн хөрөнгө мөнгөөр байшин барилгаа засварлаад орчихсон амьжиргааны боломжтой айл өрхүүд ч байсан. Ингээд судалгаагаар 94 айл орон гэргүй үлдэж, хуучин янзаараа дусаал гоожиж, салхи нэвт сийгсэн нурах дөхсөн байшиндаа амьдарсаар байсан байна. Энэ хугацаанд гамшигтай холбогдуулан нутгийн удирдлагууд эрвийх дэрвийхээрээ ажиллаж, ийш тийш туслалцаа хүссээр байжээ. Нэгэн биеллээ олсон туслалцаа нь Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хамтарч ажиллахаас эхэлсэн байна. Монголын улаан загалмай нийгэмлэг Кувейт Улсын Элчин сайдтай хамтран Кувейт хотхон төслийг хэрэгжүүлснээр 34 айл шинэхэн байшинд тав тухтай амьдрах орчин бүрджээ.


Кувейт хотхонд амьдрах айлыг сонгон шалгаруулах ажлын хэсэгт ажилласан Монголын улаан загалмай нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Т.Баярчимэг  “Орон гэрээ үерийн улмаас алдсан, өнөө маргаашгүй байшин нь нурах дөхсөн зайлшгүй орох орон шаардлагатай эмзэг бүлгийн иргэдийг шалгаруулах ажлын хэсэгт биечлэн ажилласан. Дээрх иргэдийг шалгаруулахдаа Онцгой байдлын газраас ирүүлсэн 361 иргэдийн судалгаа, Засаг даргын Тамгын газарт ирүүлсэн 400 гаруй өргөдлийг нэг бүрчлэн шүүж үзсэн. Монголын улаан загалмай нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан 17 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 94 айлаар нэг бүрчлэн орж уулзсан. Тэр үеэр айлуудын нөхцөл байдал үнэхээр хүнд байсан. Зарим нь хүний гэр түрээсэлж амьдарч байсан бол заримынх нь байшингийн гуравны нэг нь нурчихсан нэг өрөөндөө шавааралдан амьдарч байлаа. Байшингийн цоорсон нүх сүвээр нь шавж хорхой орж, тоос шороо бужигнасан газар хүүхдүүд амьдарч байхыг хараад үнэхээр өрөвдсөн. Үер буусан газрын голомтод ажиллаж байх үеэр судалгаанд хамрагдаагүй, өргөдөл өгөөгүй амьдрал нь маш хүнд таван айлыг илрүүлсэн. Борооны тунарсан ус гэр лүү нь урсчихсан, галгүй даараад бөөгнөрөөд суучихсан идэх хоол ч үгүй айлуудаар орсон. Кувейт хотхонд цаашдаа цэцэрлэг, сургууль барих хэрэгтэй байгаа. Тус хотхоны 34 өрхийн амьжиргааг дэмжих төсөл бичих төлөвлөгөөтэй байна” гэв. 
Монголын улаан загалмай нийгэмлэгээс санаачлан Кувейтийн Элчин сайдын яамтай хамтран Баян-Өлгий аймгийнханд тусламжийн ажил удаа дараа зохион байгуулсан байна. Сүм, тоглоомын талбай, ариун цэврийн байгууламж, халуун ус, 34 айлын байшин, өрхийн эмнэлэгтэй иж бүрэн хотхоны барилгын ажил дуусчээ. Аймгийн төвөөс зургаан км зайтай тус хотхон нь өмнө нь хогийн цэг байсныг цэвэрлэж, газрыг нь тэгшитгээд 35 барилга барьсан байна. Барилгын ажлыг нутгийн таван компани гүйцэтгэсэн байсан.


Баян-Өлгий аймгийн Засаг даргын хурлын танхимд Кувейт хотхоны нээлтийн арга хэмжээ болов. Нээлтийн үйл ажиллагаанд Кувейт хотхонд амьдрах болсон 34 айлын иргэд, мөн нутгийн удирдлага, Монголын улаан загалмайн сайн дурын ажилчид, Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд гээд 50 орчим хүн оролцов. Үйл ажиллагааг нээж Монголын улаан загалмай нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа “Монгол Улсын Засгийн газраас Кувейт хотхоны эрчим хүчний эх үүсвэрийг тавихад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Мөн аймгийн Засаг дарга, Иргэдийн хурлын дарга гээд хамтарч ажилласан хүмүүст талархал илэрхийлж байна. Бид бүх хүнд туслахыг зорин ажиллаж байна. Гэхдээ эхний ээлжид ноднингийн үерээс хойш өнөөдрийг хүртэл амьдрах орчин нөхцөл тааруу байгаа хүмүүст туслахыг хүссэн юм. Энэ ажил бол хүний амьдралд хэцүү нэг өдөр байхад, хөгжиж дэвших нэг өдөр байдаг гэдгийг илтгэж байна. Тиймээс та бүхний амьдрах орчныг бүрдүүлж, бүрэн тохижуулсан хотхон бий болгоход маш их туслалцаа үзүүлсэн Кувейт Улсын ард түмэн, Кувейт Улсын Засгийн газар, Элчин сайдын хамт олонд талархсанаа илэрхийлж байна. Ингээд энэ сайхан нартай өдөр 34 айл орох оронтой болж байгаад маш их баяртай байна. Цаашдаа хамтын хүчээр бид бүгдийг бий болгохын тулд ажиллана. Энэ бол бидний хамтын ажиллагааны эхлэл” хэмээн хэлээд Элчин сайдад Монголын Улаан загалмай нийгэмлэгийн ерөнхийлөгч Н.Энхболдын илгээсэн талархлын өргөмжлөлийг гардуулсан юм. 


Ингээд Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Бүрэн эрхт элчин сайд Халип Яатийм Аль Фадлид “Миний бие өнгөрсөн оны долдугаар сард зуны амралтаа Кувейт Улсад өнгөрүүлж байхдаа нэгэн таагүй мэдээ дуулсан. Тэр нь энэхүү сайхан нутагт үер буусны улмаас олон тооны барилга байшин нурж, хүний амь эрсэдсэн тухай байлаа. Үерийн улмаас хохирсон айлуудад туслах хүсэлтийг гаргасан. Энэ асуудлын хүрээнд 48 мянган ам.долларын цахилгааны шугам сүлжээ, 12 мянган ам.долларын ундны усны таван гүний худаг барьж байгуулахад зориулж 60 мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн. Энэ оны хоёрдугаар сард Элчин сайдын яам өвлийн бэлтгэл ажилд зориулж, хүнсний тусламжийг Кувейт Улсын сайн санааны зарим нийгэмлэг нийлж 81 мянган ам.долларын буцалтгүй тусламж хүргүүлсэн. Энэхүү Кувейт хотхоны төслийг 274 ам.доллараар хэрэгжүүлсэн. Хамтарч ажилласан бүх хүнд талархсанаа илэрхийлж байна” гэв. 


Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан “Нэг жилийн хугацаанд манай аймагт Казахстан хороолол, Кувейт хотхон гэсэн хоёр том хороолол сүндэрлэсэн байна. Кувейт хотхоныг цаашдаа өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Энэ хүрээнд аймгаас газар шийдвэрлэж өгсөн. Нэг гэр бүл ч болтугай аз жаргалтай амьдрах болсонд Засаг даргын өмнөөс хамтарч ажилласан бүх байгууллагуудад талархаж байна” гээд Баян-Өлгий аймгийн хүндэт иргэнээр Кувейтийн Элчин сайд, Монголын улаан загалмай нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нарыг шагнав. Ийнхүү Кувейт хотхонд оршин суух 34 өрхөд эрхийн бичиг, байшингийн түлхүүр гардуулсан юм. Иргэд байшиндаа орох үеэр сэтгэгдлийг нь сонслоо.

Өлгий сумын IX багийн оршин суугч Хохымын Сериктес 
-“Манайх ам бүл дөрвүүлээ,  ээж дүү нартайгаа хамт амьдардаг. Өнгөрсөн жил болсон үерээс болж манай гэр усанд автаж нурсан. Тэр үед бидэнд аймгаас зохих хэмжээний хүнсний болон эд материалын тусламж өгсөн. Харин бид үнсэн блокоор барьсан зуны амбаарт амьдарч байсан болохоор үнэхээр хэцүү байсан. Өнөөдөр Кувейтийн буцалтгүй тусламжаар Монголын улаан загалмай нийгэмлэгийн төслийн журмаар хийгдсэн Кувейт хотхоноос 9х5 хэмжээтэй цоо шинэ байшингийн түлхүүр гардан авлаа. Кувейт Улсын Элчин сайдын ам, Монголын улаан загалмай нийгэмлэг болон аймгийн удирдлагуудад баярласан талархсанаа илэрхийлье” гээд инээмсэглэн гэр бүлийнхний хамт байшиндаа орж үзэхээр явав. 
Өлгий сумын IX багийн оршин суугч Аятбайн Зейнелхан 
-“Эгч нь хүүтэйгээ хамт амьдардаг. Өнгөрсөн жил бороо их орсны улмаас уулын ус хүчтэй бууж, мөндөр орон үерийн гамшиг болсон. Түүний улмаас манай байшин үерт автаж, юу ч үгүй болтлоо усанд урсчихсан. Хүүтэйгээ хамт эсгий гэр түрээслэн амьдарч байлаа. Байгалийн гамшиг гэдэг үнэхээр хүнд зүйл байдгийг өөрийн биеэр мэдэрч, гэр оронгүй болсондоо гутарч, хэдэн өдөр нойргүй хонож, хүүдээ юугаа үлдээнэ дээ хэмээн шаналж байсан өдрүүд саяхан мэт санагдаж байна. Хүний амьдралд өөрийн гэсэн орон гэртэй байна гэдэг их чухал бөгөөд халуун дулаан элэг бүтэн амьдрах сайхан юм байна гэдгийг л үргэлж боддог болсон.  Тэр үед төр засгаас болон хүмүүнлэгийн байгууллагаас хүнсний бүтээгдэхүүн бидэнд өгч байсан. Хоолтой ундтай байж, эрүүл л байвал бүх зүйл сайхан болох байх гэсэн бодол минь өнөөдөр биеллээ оллоо. Шинэ байшингийн түлхүүрээ дөнгөж сая гардаж авлаа. Одоо өнөө маргаашгүй нүүж орох гээд тэсэн ядан хүлээж байна. Бидэнд тусласан бүх хүний буян нь дэлгэрэг ээ. Маш их баяртай байна” хэмээн баярын нулимс дуслуулан сэтгэгдлээ хуваалцсан юм. 
Өлгий сумын IX багийн оршин суугч Т.Цэрмаа 
-“Үерийн үед үнэхээр хэцүү байсан. Байшин битүү усаар дүүрч, гадаа гараад гишгэх газар олдохгүй. Хүйтэн усанд хөл янгинаж өвдөөд, охиноо доороос нь дааруулж байгаадаа сэтгэл зовж байлаа. Гал түлсэн ч гал үзэгдэхгүй, энд тэндээс шавар унаж, чийг үнэртээд, нурсан барилгууд дунд хэд хоносон. Би ихэнх малаа зараад мөнгөөр нь байшингаа засварлах гэсэн боловч засал авахгүй шавар нь эргэж нурж унаад байсан. Манай хоёр хүү цэргийн ангид ажилладаг болохоор надад туслах боломжгүй. Би өөрөө саальчин, хөдөө айлын үхэр саадаг, охин минь энэ жил анагаах ухааны сургуульд сурахаар болсон. Одоо ганцаараа байшиндаа орно. Охиныгоо эргээд ирэхэд нь шинэ байшиндаа товхиноод галаа түлээд халуун дулаанаар угтах болсондоо баяртай байгаа” гэв.
Энэхүү төслийн хүрээнд бүтэн өнчин таван хүү, хөдөлмөрийн баатар 90 настай өвөө, гэр оронгүй нэн ядуу хүмүүс шинэхэн байранд орж баяр хөөрөөр дүүрэн байлаа. Баруун хязгаар нутагт байгалийн гамшгийн улмаас маш их хохирол учирсан ч гэлээ сайхан сэтгэлтэй хүмүүсийн ачаар олон айл орох оронтой боллоо.