Нийтэлсэн өдөр: 2017.09.13, лхагва
Цаг агаарт суурилсан санхүүжилт буюу гамшиг болохоос өмнө урьдчилан сэргийлэх хүмүүнлэгийн тусламжийн шинэ арга хэлбэр хэрэгжиж эхэлжээ. Хэрэв цаг агаарын нөхцөл байдлыг урьдчилан тооцоолж, хүмүүнлэгийн тусламжийг хүргэж чадвал гамшгийн дараахь хүмүүнлэгийн тусламжаас 3 дахин бага зардал гарах ажээ.
ОУУЗУХСНХ-ны Цаг уурын хэлтсийн мэргэжилтэн, Оксфордын Их сургуулийн доктор Меган Вали МУЗН-т ирж, цаг агаар суурилсан санхүүжилтийн шинэ төслийг хэрэгжүүлэх судалгаа хийнэ. Эдүгээ энэхүү төслийг дэлхийн 15 оронд туршилтын журмаар хэрэгжүүлж байна. Тэрбээр Перу улсад цаг агаарын урьдчилсан үнэлгээг хийж хэрхэн тусламж хүргэсэн туршлага болон гамшиг болохоос өмнө цаг агаарын төлөв байдлын үнэлгээ хийх, хүмүүнлэгийн тусламжийг хүргэх босгыг хэрхэн тогтоосон туршлагаасаа хуваалцлаа. Тухайлбал, Перу улсад хүмүүнлэгийн тусламжийн босгыг бага тогтоосон учраас цаг уурын бага зэргийн өөрчлөлтөд олон улсын тусламжийг хүсэх нөхцөл буй болжээ. Тиймээс цаг агаарын урьдчилсан мэдээллийг үнэн зөв гаргах, хүмүүнлэгийн тусламж авах босгыг бодитоор тогтоох нь хамгийн чухал гэж байв.
Меган Вали МУЗН-т ажиллах хугацаандаа төсөл хэрэгжих Дундговь аймагт очихоор төлөвлөж байна. Их Британий Улаан загалмай нийгэмлэгийн санхүүжилтээр ирэх жил Дундговь, Өвөрхангай, Булган аймагт цаг агаарт суурилсан хүмүүнлэгийн тусламжийн төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэж байна.