Ази номхон далайн бүсийн гамшигтай тэмцэх багийн сургалтыг зохион байгуулллаа

Нийтэлсэн өдөр: 2017.09.12, мягмар

Ази номхон далайн бүсийн  гамшигтай тэмцэх багийн сургалтыг энэ сарын 20-26 хооронд зохион байгууллаа. Энэхүү сургалтад Австрали, Пакистан, Тайланд, Соломан арал, Хойд Солонгос, Хонконг, Хятад, Малайз, Киргиз, Монгол зэрэг орны 30 гаруй улаан загалмайчид оролцлоо.


Мөн Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоог төлөөлж Шинэ зеланд, Англи, Непал, Канадын улаан загалмайчид сургагч багшаар ажилласан байна.

Бүсийн гамшигтай тэмцэх багийн гишүүдийг жил бүр Ази номхон далайн бүсийн аль нэг оронд бэлтгэдэг бөгөөд энэ жил Монгол Улсад зохион байгууллаа. 
Ази номхон далайн бүсэд 32 орон багтдаг агаад эдгээр улс орнуудад  ямар нэгэн гамшиг тохиолдсон үед бэлтгэгдсэн багийн гишүүд очиж ажиллах чадварыг энэхүү сургалтаар эзэмшдэг юм. Өнгөрсөн жил МУЗН-ийн гамшгийн хөтөлбөрийн ахлагч Б.Даваажаргал бүсийн гамшигтай тэмцэх багийн гишүүнээр бэлтгэгдээд энэ оны 5 сард Пакистан улсад болсон үерийн дараахь нөхөн сэргээлтэд ажиллаад ирсэн билээ. 
Өөрөөр хэлбэл, ОУУЗУХСНХ бүсийн гамшигтай тэмцэх багийн гишүүдийнхээ  хүрээг жил бүр тэлж, гамшигтай тэмцэх үйл ажиллагаанд оролцогч улаан загалмайчдаа  мэргэжлийн төвшинд бэлтгэх бодлогоо ийн хэрэгжүүлж байна. 
Сургалтаар гамшиг тохиолдсон үед яаралтай ямар хэрэгцээ байх вэ, түүнийг хэрхэн тодорхойлох вэ, ямар аргачлалаар хэрэгцээг гаргаж ирэх талаар суралцагчид тус тусын орны онцлог, нөхцөл байдалд тулгуурлан боловсрууллаа. Ингэснээр бүс нутагт ямарваа гамшиг тохиолдоход авран хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах тулгуур болох хэрэгцээний үнэлгээг хийцгээсэн байна. Мөн гамшгийн үед ямар хариу арга хэмжээ авах бүсийн төлөвлөгөөг боловсруулж, ажиллах мехинизмыг тодорхойлжээ. Хамгийн чухал нь дадлага ажил болон багаар ажиллах нөхцөл байдлыг бүрдүүлсэн нь суралцагчдад мэдлэг олгоход дөхөм байв. Тухайлбал, гамшиг тохиолдсон бүс нутаг руу явах нөхцөлд виз хүсэх журмаас эхлээд бэлтгэл хангах, зорчих, хилээр шалган нэвтрэх зэрэг үйл ажиллагааг жүжигчлэн зохион байгуулж байв. 
Энэ жилийн сургалтаар Ази номхон далайн бүсийн гамшигтай тэмцэх багийн нэгдсэн системийн бүртгэлтэй болжээ. Ингэснээр гамшигтэй тэмцэх багийн гишүүдэд мэдээлэл солилцох, гамшиг тохиолдсон нөхцөлд ажиллах багийн гишүүдийг богино хугацаанд сонгон шалгаруулах боломжтой болжээ. Тухайлбал, үер усны аюул аль нэг оронд тохиолдоход тэр даруй мэдээлэл бэлтгэгдсэн багийн гишүүдэд хүрч, багийн гишүүд гамшгийн голомтод ажиллах саналаа ирүүлэх ажээ. Ажиллах хүсэлтээ ирүүлсэн багийн гишүүдийн туршлага болон чадварыг харгалзан сонгон шалгаруулах үйл явц энэхүү системд нээлттэй явагдах юм байна. 

Эдгээр багийн гишүүд нь тухайн Үндэсний нийгэмлгийнхээ гамшигтай тэмцэх, хариу арга хэмжээ авах үйл ажиллагаанд оролцож байсан туршлагатай, 3-аас дээш жил хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцож байсан шалгуурыг хангасан бол Ази номхон далайн бүсийн гамшигтай тэмцэх багийн сургалтад суралцах эрхтэй юм. 

Энэ удаагийн сургалтыг эрс тэс уур амьсгалтай, гамшгийн төрлүүдийн давтамж өндөр учраас Монголын улсад зохион байгуулсан байна. Сургалтыг МУЗН-ийн Хүүхэд залуучуудын хөгжлийн төвд хийсэн бөгөөд нийслэлийн Налайх дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ суманд очиж, гамшиг тохиолдох нөхцөлд хэрхэн ажиллах, бэлэн байдлыг хэрхэн хангах талаар дадлага сургуулийг хийсэн байна. Тус сум, дүүргийн Улаан загалмай хороо болон Онцгой байдлын ажилтнууд энэхүү дадлага сургуульд хамтран оролцсон юм.