Нийтэлсэн өдөр: 2017.07.26, лхагва
2017 оны 7-р сарын 25-ны өдөр нийслэлд хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Жаргалант тосгонд үерийн аюултай нөхцөл байдал үүсээд байна.
Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн Гамшгийн үед хариу арга хэмжээ авах багийн гишүүд Сонгино-хайрхан дүүргийн 21-р хорооны үерийн голомтод нөхцөл байдлын үнэлгээ хийх мөн гамшигт нэрвэгдсэн иргэдэд нийгэм-сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх, шаардлагатай иргэдэд анхны тусламж үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулна.
Газар дээр ажиллах багийн гишүүд эхний ээлжинд 20 ш хөнжил, 20 ш усны сав, том хүний болон хүүхдийн хувцасыг орон гэрээ алдсан иргэдэд өгч байна.
Түүнчлэн Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод түр зуурын хүчтэй аадар бороо орох төлөвтэй байгаа тул иргэд, олон нийтийг аюулгүй байдлаа хангах, бага насны хүүхэд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэр орон сууцны аюулгүй байдлыг шалгах, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, үерийн аюултай бүсэд оршин сууж байгаа бол нүүх, цаг агаарын мэдээллийг тухай бүр хүлээн авч болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.