Нийтэлсэн өдөр: 2017.08.01, мягмар
Зүүн-Азийн хүүхэд залуучуудын Улаан загалмайн хөдөлгөөний зуслан цугларалт “Уур амьсгалын өөрчлөлт” сэдвийн дор өнөөдөр эхэллээ. Нээлтийн үйл ажиллагаанд МУЗН-ийн Ерөнхийлөгч, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, ОУУЗУХСНХ-ны Зүүн- Азийн бүсийн Бээжин дэх төлөөлөгч Гвэйндолин Пан болон БОАЖ-ын яам, ХНХ-ын яам, БСШУС-ын яамны төлөөллүүд мөн БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газраас тус тус төлөөлөгчид оролцлоо.
Энэхүү цугларалтад Монгол, Япон, Солонгос, Хятад улс болон Хонг Конг, Макаогийн 100 гаруй Улаан загалмайч хүүхдүүд хүрэлцэн ирлээ. Энэ сарын 24-28-ныг хүртэл зохион байгуулагдах энэхүү үйл ажиллагаа МУЗН-ийн Хүүхэд залуучуудын хөгжлийн төвд болж байна. Энэхүү төв нь олон улсын төвшинд үйл ажиллагаа зохион байгуулах хүчин чадал бүхий зуслан болон өргөжөөд байна.
Зүүн-Азийн орнуудын Улаан загалмайч хүүхдүүд эхний өдөр үндэсний нийгэмлэгүүдийнхээ үйл ажиллагааг танилцуулж, Зүүн-Азийн залуусын сүлжээг бэхжүүлэх, хүүхэд залуучуудын хүмүүнлэгийн үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх зорилготой сургалтуудыг зохион байгуулна.
Уур амьсгалын өөрчлөлт гэж юу вэ, Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөнд энэхүү асуудал яагаад чухал вэ гэсэн сэдвийн хүрээнд Улаан загалмайч хүүхдүүд ярилцах юм. Хамгийн чухал нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох талаар залуусын манлайллыг бий болгоход хүүхэд, залуучуудын оролцоог тодорхойлох, суралцах нь энэхүү цугларалтын ач холбогдол оршиж байна.
Зүүн-Азийн хүүхдүүд өөрсдийн улс оронд тохиолдож буй цаг уурын байдалд хэрхэн бэлтгэх вэ, түүнийг яаж даван туулж буй талаар туршлага солилцож, ярилцах юм.
Уур амьсгалын өөрчлөлтийн нэгэн чухал асуудал нь хүлэмжийн хийн үр дагавар болон хүний буруутай үйл ажиллагааны улмаас уур амьсгалын өөрчлөлтийн шалтгаануудыг тодорхойлох, иргэдийн аж амьдралд хэрхэн нөлөөлж буйг судлах зэргээр сургалтууд үргэлжлэх юм.
Улаан загалмайч хүүхдүүд суралцаж туршлага солилцохоос гадна өөр хоорондоо нөхөрлөж нийгмийн сайн сайхны төлөө үзэл бодлоо илэрхийлэх юм.
Хүүхэд, залуучуудын хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжих, бусдад үлгэр дуурайлал болгох зорилгоор эмзэг бүлгийн үе тэнгийн найз нартаа хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, арга хэмжээг энэ үеэр зохион байгуулах гэж байна. Бүгд Найрамдах Солонгос Улсын Улаан Загалмайн нийгэмлэгийн хүүхдүүд энэхүү тусламжийг эх орноосоо бэлтгэн иржээ.