Нийтэлсэн өдөр: 2017.06.13, мягмар
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх тэргүүтэй төлөөлөгчид Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн чуулганд оролцож байна. Мексикийн Нэгдсэн Улсын Канкун хотноо зохион байгуулагдаж буй тус чуулганд 189 орны төрийн болон Засгийн газрын тэргүүн, сайд, парламентын гишүүд, НҮБ-ын дээд түвшний удирдлага, эрдэм шинжилгээний байгууллага, иргэний нийгэм, залуучуудын байгууллагын 7000 гаруй төлөөлөгч оролцож байна.
МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа уг чуулганд оролцож, салбар хуралдаануудад илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Гамшгийг эрт зарлан мэдээлэх, хариу арга хэмжээ авах талаар Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоог төлөөлөн илтгэл тавьсан байна. Дараагийн салбар хуралдаанд Далайд гарцгүй болон арлын орнуудын гамшгийн эрсдэлийг даван туулах чадварыг нэмэгдүүлэхэд мэдээллийн ач холбогдолыг сайжруулах талаар илтгэл тавьжээ. Энэхүү илтгэлдээ орон нутгийн оролцоог бэхжүүлэх, олон нийтийн чадавхийг бэхжүүлэх талаарх асуудлыг хөндсөн байна.
Дэлхийн улс орнууд Гамшгийн асуудлаар нэгдсэн байдлаар зөвлөлдөхөөр цугласан энэхүү чуулганы үеэр Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийг НҮБ-ын “Манлайлагч-Төрийн түшээ”-гээр өргөмжилсөн байна. Уг өргөмжлөлийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Тусгай төлөөлөгч Роберт Глассер гардуулжээ.
Шадар сайд У.Хүрэлсүх Гамшгийн эрсдлийг бууруулах НҮБ-ын “Манлайлагч төрийн түшээ”-гээр өргөмжлөгдсөнөөр Монгол Улс нь Азийн бүс нутгийн болон олон улсын хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах бодлого тодорхойлоход манлайлах үүрэгтэйгээр оролцох болсоны илэрхийлэл хэмээн НҮБ-ын удирдлага онцлон тэмдэглэлээ.
Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн чуулган нь улс орон, байгууллага, салбаруудын хооронд харилцан уялдааг сайжруулах, гамшгийн эрсдэлийг бууруулахад гарсан тэргүүн туршлага, мэдлэг, мэдээллийг солилцох зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг олон улсын чуулга уулзалт юм .