Нийтэлсэн өдөр: 2017.05.23, мягмар
Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам /ХНХЯ/, Монголын улаан загалмай нийгэмлэг /МУЗН/ хамтран ажиллах гэрээ байгууллаа.
ХНХЯ-ны сайд Н.Номтойбаяр, МУЗН-ийн Ерөнхийлөгч, УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд нар гарын үсэг зурлаа.
Гэрээгээр Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хууль, Хүмүүнлэгийн үйл ажиллагааны чиглэлээрх Засгийн газрын зарим чиг үүргийг Монголын улаан загалмай нийгэмлэгээр гүйцэтгүүлэх гэрээнд нийгмийн хамгааллын талаар заасан заалтыг хэрэгжүүлэхэд мэргэжлийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх юм.
Мөн гэнэтийн аюул осол, урьдчилан төсөөлөх боломжгүй бусад шалтгаанаар гэр оронгүй, гэр орон нь цаашид амьдрах боломжгүй болсон болон амьжиргааны эх үүсвэрээ алдсан иргэдэд Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хамтран хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зэрэг заалтууд гэрээнд тусгагдлаа.
Мөн олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг Монголын улаан загалмай нийгэмлэгээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхээр болов.
Монгол Улсын Нийгмийн халамжийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасан олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг Монголын улаан загалмай нийгэмлэг, түүний орон нутаг дахь салбар нэгж гэрээний үндсэн дээр гүйцэтгэх юм. Түүнээс гадна өрх толгойлсон эцэг, эх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг амьдрах ухааны болон мэргэшүүлэх сургалтад хамруулж, нэн ядуу, бага орлоготой өрхийн амьжиргааг дээшлүүлэх, амьдралын наад захын хэрэгцээг хангахад дэмжлэг үзүүлэх, зорилтот бүлгийн хүмүүсийг бүх төрлийн хүчирхийллээс хамгаалах хөтөлбөр боловсруулж, урьдчилан сэргийлэх компанит ажлыг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран тогтмол зохион байгуулах зэргээр хамтран ажиллахаар боллоо.