Нийтэлсэн өдөр: 2017.05.10, лхагва
2017 оны эхний 4 сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 18 хүүхдийн амь нас хохирч, 46 хүүхэд хүнд, хүндэвтэр байдлаар гэмтсэн байна.
Улсын хэмжээнд ТХХАБАЖЭГэмт хэргийн улмаас амь насаа алдсан нийт хүний 14,9% нь, нийт гэмтсэн хүний 13,7%-ийг хүүхдийн амь нас хохирсон, гэмтсэн тоон үзүүлэлт эзэлсэн байна. Амь насаа алдсан хүүхдийн 16 буюу 88,9% нь орон нутгийн замд тээврийн хэрэгсэлээр зорчиж байх үедээ буюу эцэг эх, асран хамгаалагчтайгаа явж байхдаа осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирсон байна. Энэ нь эцэг эх, асран хамгаалагч нарын хайхрамжгүй, хэнэггүй байдал, буруу дадал зуршил /бага насны хүүхэддээ тавих хараа хяналт сул, харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулдаг, тээврийн хэрэгсэлд хүүхдийг буруу тээвэрлэдэг гэх мэт/-уудтай холбоотой юм.
Замын цагдаагийн албанаас хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, тэдэнд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, таниулах, замын хөдөлгөөнд аюулгүй, зөв оролцох дадлыг багаас нь хэвшүүлэх, эцэг эхийн үүрэг хариуцлага, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 1982 оноос эхлэн сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн дунд ‘’Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулж байна.
Энэ жил тус тэмцээнийг 34 дэх жилдээ зохион байгуулж оролцогч баг бүр хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, мэдлэг олгох богино хэмжээний шторк бэлтгэн оролцож байгаагаараа онцлогтой юм.
Тэмцээн 2 үе шаттай зохион байгуулагддаг ба эхний шатны шалгаруулалт 2017.04.17-2017.04-30-ны өдрийн хооронд дүүрэг бүрийн цэцэрлэгүүдийн дунд зохиогдож, 2 дугаар шатны буюу шигшээ тэмцээн 2017.05.10-ны өдөр “Сүлд чуулга”-ын байранд зохион байгуулагдаж байна.
Хоёрдугаар шатны тэмцээнд нийслэлийн 8 дүүргийн шалгарсан байгууд:
- 1. Баянгол дүүргийн 97 дугаар цэцэрлэг
- 2. Чингэлтэй дүүргийн 33 дугаар цэцэрлэг
- 3. Сүхбаатар дүүргийн 143 дугаар цэцэрлэг
- 4. Баянзүрх дүүргийн 129 дугаар цэцэрлэг
- 5. Сонгинохайрхан дүүргийн 110 дугаар цэцэрлэг
- 6. Хан-Уул дүүргийн 71 дугаар цэцэрлэг
- 7. Налайх дүүргийн 152 дугаар цэцэрлэг
- 8. Багануур дүүргийн 241 дугаар цэцэрлэгийн нийт 100 гаруй хүүхэд, багачууд оролцож байна.
Энэ жил тэмцээнийг Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Замын цагдаагийн алба, Нийслэлийн боловсролын газар, Монголын улаан загалмай нийгэмлэг, Dream box хүүхдийн телевиз хамтран Монголын ирээдүй болсон бяцхан үрсийнхээ аюулгүй байдлын төлөө зохион байгуулж байна.
Эцэг, эх, багш, сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалагч та хүүхдүүддээ замын хөдөлгөөнд сахилга, соёлтой оролцуулах хүмүүжлийг бий болгож, замын хөдөлгөөний наад захын мэдлэг, дадал олгож замын хөдөлгөөнд соёлтой оролцогч ирээдүйн иргэнийг төлөвшүүлэх, хүүхдийн зориулалтын хамгаалалтын суудал, хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж хэвшихийг зөвлөж байна.
МОНГОЛЫН УЛААН ЗАГАЛМАЙ НИЙГЭМЛЭГ