Нийтэлсэн өдөр: 2017.05.09, мягмар
Эрхэм хүндэт Улаан загалмайчид, Сайн дурын идэвхтэн, гишүүд, дэмжигчид болон хүмүүнлэг үйлсийг дэмжигч Та бүхэндээ дэлхийн Хүмүүнлэгийн өдрийн баярын мэнд хүргэе.
Монгол Улсын Засгийн газраас жил бүрийн тавдугаар сарын 8-ны өдрийг Үндэсний Хүмүүнлэгийн өдөр болгон тэмдэглэх тухай шийдвэр гаргасан.
Тиймээс энэхүү өдрийг хүмүүнлэгийн үйлсийг улам түгээн дэлгэрүүлэхийн тулд бусдын сайн сайхны төлөө сэтгэл зүрхээ зориулдаг хүн бүрийн баяр болгон тэмдэглэж ирлээ.
Монголын улаан загалмай нийгэмлэг хүмүүнлэгийн салбарт төрдөө нэмэлт хүч болон ажиллах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, төр-улаан загалмайн хамтын ажиллагааг өрнүүлэн ажиллаж байна.
Бид болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, мэдлэг мэдээллийг хүргэх, эмзэг бүлгийн иргэддээ хүрч үйлчлэх, хүүхэд залуучуудад хүмүүнлэг энэрэнгүй үзлийг төлөвшүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.
Дэлхийн 190 орны Үндэсний нийгэмлэгийг эгнээндээ нэгтгэсэн Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо болон Олон улсын Улаан загалмай хороо нь байгалийн гамшиг, зэвсэгт мөргөлдөөн зэрэг хүний амь нас, эрүүл мэндэд халдсан тохиолдол бүрт төдийгүй эмзэг байдалд буй хүн бүрийг асран хамгаалах, аврах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг дэлхий дахинд аюулгүй амар амгалан, энх тайванч амьдралыг бэхжүүлэхийн төлөө ажилладаг.
Монголын улаан загалмай нийгэмлэг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд зудад нэрвэгдсэн малчиддаа туслах хүмүүнлэгийн үйл ажиллагааг олон улсын төвшинд зохион байгууллаа.
Өнгөрсөн жил 17 аймгийн 5,400 малчин өрхөд 1,6 тэрбум төгрөгтэй тэнцэх тусламж үзүүлсэн бол энэ жил мөн 12 аймгийн 109 сумын 3,480 өрхийн 11,300 хүнд 1,8 тэрбум төгрөгтэй тэнцэх хүмүүнлэгийн тусламжийг үзүүлээд байна.
Бид цаашид мөнгөн тусламжаас гадна малчдын дунд зудаас урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр малчдын уулзалт зөвлөгөөн, сургалт зохион байгуулж, хадлан тэжээлээ бэлтгэх, өвөлжилтийн бэлтгэлээ хангахад нь дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна.
Мөн улаан загалмайчид бид өнгөрсөн хоёр жилд гамшгаас урьдчилан сэргийлэх тухай сургалт, сурталчилгааг 60 000 хүнд хүргэж, 368 000 хүнд халамжийн үйлчилгээ үзүүлжээ. Мөн эрүүл мэндийн анхны тусламжийн тухай мэдлэгийг 67100 хүнд олгосон байна.
Өнөөдөр бид 128827 гишүүд, 7000 мэргэшсэн сайн дурынхан, 703 анхан шатны хороо, 33 дунд шатны хороо, 55406 өсвөрийн улаан загалмайч, 17025 залуучуудын улаан загалмайч 29800 хүндэт донортой хүмүүнлэгийн байгууллага болон өргөжиж байна.
Үндэсний нийгэмлэгтэй хамтран ажиллаж, байгалийн гамшиг, давагдашгүй хүчин зүйл, бүс нутгийг хамарсан халдварт өвчин зэрэг томоохон сорилтыг даван туулахад байнга тусалж, дэмжлэг үзүүлж, бидэнтэй хамтран ажилладаг Олон Улсын Улаан Загалмай ба Улаан хавирган сар Нийгэмлэгүүдийн холбоо, Олон улсын Улаан Загалмай хороо болон Үндэсний нийгэмлэгүүд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, хандивлагчид болон бусад байгууллага, хүмүүст дэлхийн Хүмүүнлэгийн өдрийн баярын мэндийг хүргэж, хүмүүнлэгийн үйлсийг түгээн дэлгэрүүлэхийн төлөө хамтдаа зүтгэхийг уриалж байна.
Хүмүүнлэгийн төлөө хамтдаа!
МУЗН-ийн Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Энхболд