Нийтэлсэн өдөр: 2017.04.12, лхагва
Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын стратегийн Азийн түншлэлийн хуралд оролцлоо
Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран зохион байгуулсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хурал” энэ сарын 4-7-ний өдрүүдэд боллоо.
Энэхүү хуралд Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Бээжин дэх олон улсыг дэмжих багийн тэргүүн Гвэндолинг Панг, Ази номхон далайн гамшгийн асуудал хариуцсан захирал К.Нелсон болон МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа болон бусад хүмүүс оролцсон.
Азийн 19 орон, олон улсын 9 байгууллагаас 70 гаруй төлөөлөгч оролцон ирэх 2018 онд Монгол Улсад зохион байгуулах “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурал”-ын бэлтгэл ажлын явцтай танилцан, санал солилцож, Азийн бүс нутгийн төлөвлөгөө, оролцогч талуудын үүрэг амлалтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны мэдээлэлтэй танилцлаа. МУЗН гамшгийн эрсдэлийг бууруулах, олон нийтийн оролцоог хангах талаар хийж буй ажлаа танилцуулж, ирэх жил болох хуралд ихээхэн ач холбогдол өгч оролцохоо илэрхийллээ.
Мөн Гамшгийн эрсдэлийг бууруулах Дэлхийн платформын үеэр батлагдах улс орнуудын Засгийн газар, бусад оролцогч талуудын төлөвлөгөөг эцсийн байдлаар хүлээн авах, улс орнуудын гамшгийн эрсдэлийн менежментийн үнэлгээний явцыг хянах, бүс нутаг дахь гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр гаргаж буй хүчин чармайлт, шинэчлэлт, туршлагын талаар мэдээлэл солилцов.
“Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийн хэрэгжилтэд Азийн улс орнууд болон түншүүдийн оролцоо, санал хүсэлтийг тусгалаа.
Азийн түншлэлийн хурал нь 2016 онд БНЭУ-ын Шинэ Дели хотноо болсон “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын анхдугаар бага хурал”-аас хойш зохион байгуулагдаж буй анхны бүс нутгийн хэмжээний хурал болж байгаагаараа онцлог юм. Азийн түншлэлийн хурлаас “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурал- 2018”-ын тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, багуудын хамтарсан зөвлөмж гаргасан байна.
2017 оны 05 дугаар сард Мексик Улсын Канкун хотод зохион байгуулагдах Гамшгийн эрсдэлийг бууруулах Дэлхийн платформд энэ удаагийн Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хурлаас гаргасан зөвлөмж, үр дүнг танилцуулахаараа ач холбогдолтой юм. Мөн бүсийн улс орон, олон улсын байгууллагууд тус платформд хэрхэн оролцох талаар төлөвлөгөөг танилцуулсан юм.
Мөн 2016 онд Энэтхэг Улсын Дели хотноо болсон Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын анхдугаар хуралдаанаас гаргасан Азийн бүсийн төлөвлөгөөний хэрэгжилтийг улс орнууд хурлын үеэр танилцуулав.