Нийтэлсэн өдөр: 2017.06.07, лхагва
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх энэ сарын 27-ны өдөр МУЗН-т зочиллоо. Өнгөрсөн сард УИХ-аас шинэчлэн батлагдсан Гамшгийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд Монголын улаан загалмай нийгэмлэг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх боломж нөхцөл хэр байгаа болон хүмүүнлэгийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулж буйтай танилцсан юм.
МУЗН-ийн Ерөнхийлөгч, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа болон Удирдах зөвлөлийн гишүүд Шадар сайдыг зочлох үеэр байлцлаа.
МУЗН гамшгийн бэлэн байдлыг хангах, гамшгийн үед хариу арга хэмжээ авах, гамшгийн дараах нөхөн сэргээх үйл ажиллагааг зохион байгуулах зэргээр ажиллах боломжтой юм. Мөн олон нийтийн оролцоонд тулгуурлан гамшгийн эрсдэлийг бууруулахад сургалт сурталчилгаа зохион байгуулах, хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоо хэрхэн бүрдэж буй талаар танилцууллаа.
Эдгээр үйл ажиллагааг бэлтгэгдсэн сайн дурынхан болон мэргэшсэн улаан загалмайчид, Гамшигтай тэмцэх үндэсний болон орон нутгийн багийн гишүүддээ тулгуурлан идэвх санаачлагатай ажиллахаа илэрхийлсэн. МУЗН 2016-2017 оны зудын эрсдэлд өртсөн малчдад туслах хүмүүнлэгийн үйл ажиллагаанд 3.4 тэрбум төгрөгтэй тэнцэх хүмүүнлэгийн тусламжийг 9880 малчин өрхөд үзүүлж байна.
Гамшгаас урьдчилан сэргийлэх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, бэлэн байдлыг хангах, нөхөн сэргээх чиглэлээр зөвхөн 2016-2017 онд 4,8 тэрбум төгрөгтэй тэнцэх санхүүжилттэй төслийг Британи, Финлянд, Австралийн улаан загалмай нийгэмлэг , Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, Европын холбооны дэмжлэгтэй хэрэгжүүлж байна.
Н.Энхболд Гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдэлийн менежментийг сайжруулах чиглэлээр Улаан загалмай нийгэмлэгээс хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай танилцаж байгаа Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга, Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны Үндэсний зөвлөлийн дарга У.Хүрэлсүхд талархал илэрхийлээд МУЗН гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд хууль эрх зүйн хүрээнд идэвх санаачлагатай ажиллах болно гэдгээ Монгол Улсын Засгийн газарт уламжиллаа.
Энэ үеэр МУЗН Онцгой байдлын ерөнхий газарт 127 сая 600 мянган төгрөгийн үнэ бүхий техник хэрэгсэл, биеийн дулаан хэмжигч, аврагчийн хувцас зэргийг тус газрын тэргүү дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянд хүлээлгэн өглөө.
Шадар сайд У.Хүрэлсүх хэлэхдээ, МУЗН-ийн хүмүүнлэгийн үйл ажиллагааг үнэлж, гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах сургалт сурталчилгааг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад Онцгой байдлын асуудал эрхэлсэн мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээж байна. Мөн гамшиг, осол тохиолдсон үед олон улсын Улаан загалмайн хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах, түгээх, эмзэг бүлгийн хүмүүст яаралтай тусламж үзүүлэх, амьжиргааг нь дэмжих үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах үүрэгтэй. Гамшгаас хамгаалах тухай хуулиар хүлээсэн үүргээ Монголын улаан загалмай нийгэмлэг амжилттай биелүүлж чадна гэдэгт итгэл төгс байна хэмээв. Мөн Төр - Улаан Загалмайн хамтын ажиллагаа, түншлэлийг сайжруулж, нийгмийн эмзэг байдлыг бууруулах, гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн үед Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, гамшгийн хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах, гамшгийн дараах нөхөн сэргээх үйл ажиллагаанд мэргэшсэн сайн дурынхантай, ажлын туршлагатай Улаан загалмай нийгэмлэгийг дэмжиж, цаашид хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлээ.
Мөн Шадар сайд У.Хүрэлсүх МУЗН-ийн сургалт сурталчилгаа болон гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагааны үед ашиглах техник хэрэгсэл, хувцас, эд зүйлтэй танилцсан юм.
МУЗН 2016-2017 оны зудын эрсдэлд өртсөн малчдад туслах хүмүүнлэгийн үйл ажиллагаанд 3.4 тэрбум төгрөгтэй тэнцэх хүмүүнлэгийн тусламжийг 9880 малчин өрхөд үзүүлж байна.
Гамшгаас урьдчилан сэргийлэх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, бэлэн байдлыг хангах, нөхөн сэргээх чиглэлээр зөвхөн 2016-2017 онд 4,8 тэрбум төгрөгтэй тэнцэх санхүүжилттэй төслийг Британи, Финлянд, Австралийн улаан загалмай нийгэмлэг , Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, Европын холбооны дэмжлэгтэй хэрэгжүүлж байна.
Цаашид төслийн үр дүнг ил тод, нээлттэй, хүртээмжтэй болгох, эмзэг байдлыг бууруулахад илүү анхаарч ажиллана.