Нийтэлсэн өдөр: 2017.06.07, лхагва
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн санаачилгаар 2017 оныг “Газар хөдлөлтөд тэсвэртэй, аюулгүй орчин бий болгох” жил болгох үндэсний хөдөлгөөнийг эхлүүлээд байна. Энэ хүрээнд жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан.
Энэ өдрийг тохиолдуулан Монголын улаан загалмай нийгэмлэг нийслэлийн Баянзүрх дүүргийн сургуулиудын 250 хүүхдийг оролцуулсан газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар үзүүлэх сургуулилт хийв. Мөн газар хөдлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ, хөдөлсөн үед хэрхэн амь нас эрүүл мэндээ хамгаалах талаар мэдлэг, мэдээллээ нэмэгдүүллээ.
Тэд газар хөдлөлийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд хандсан жагсаал зохион байгуулж, сурталчилгааны материал тараалаа. Хүүхдүүд Монголын улаан загалмайн төв байрнаас Бтлизийн талбай хүртэл жагссан юм.
Тоо баримт
Манай орны нийт нутаг дэвсгэрийн 55.4 хувь нь газар хөдлөлийн 7-8 баллын ангилалд, 9 ба түүнээс дээш баллын ангилалд 19.6 хувь нь хамрагдаж байна.
Сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн газар хөдлөлтийн судалгаагаар манай улсын нийт хот, суурин газрын 75 орчим хувь нь газар хөдлөлтийн 7 ба түүнээс дээш, 12 сум, суурин газар нь газар хөдлөлтийн 9 ба түүнээс дээш баллын газар хөдлөлийн чичирхийллийн бүс нутагт оршиж байна. Эдгээр хот сууринд нийт хүн амын 85 гаруй хувь нь амьдарч байна.
2016 онд улсын хэмжээнд нийт 28000 /шахам газар хөдлөлийн чичирхийлэл бүртгэгдсэн бөгөөд Монгол-Алтайн нуруу, Чуй, Цагаан шувуут, Үүрэг нуур, Бүсийн гол, Хангайн өргөгдлийн бүс, Могодын газар хөдлөлтийн голомтын бүс, Улаанбаатар хот орчим Гүнжийн ам, Авдар уул, Эмээлт, Хустайн нуруу зэрэг газруудад газар хөдлөлтийн чичирхийлэлтийн идэвхжилт буурахгүй хэвээр байна.
Тухайлбал, 2000 онд Улаанбаатар хот орчим жилд 200 гаруй удаагийн газар хөдлөлийн чичирхийлэл бүртгэгдэж байсан бол 2016 онд 1800 гаруй удаа газар хөдлөлийн чичирхийлэл бүртгэгдэж, тохиолдлын тоо эрс өссөн.
Дээрхи идэвхижилт бүхий газруудад 6.6-7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж болзошгүй бөгөөд энэ тохиолдолд Улаанбаатар хотын барилга байгууламжийн 22-50 орчим хувьд эвдрэл гэмтэл, нуралт үүсч, 30000-аас дээш хүн нэрвэгдэж болзошгүй гэсэн тооцоо судалгаа гарсан.