Монгол Улсын Ерөнхийлөгч МУЗН-т талархал гардууллаа

Нийтэлсэн өдөр: 2017.06.07, лхагва

      УИХ-аар өнгөрсөн хоёрдугаар сард  шинэчлэн батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хуулийг хүлээн авах ажиллагаа өнөөдөр  Корперэйт Конвеншн Центрт боллоо.

      Энэхүү хуульд МУЗН-ийн үйл ажиллагааг тусган оруулж, хүмүүнлэгийн үйл хэрэгт төрдөө нэмэлт хүч болон ажиллах үүргийг баталгаажуулсан заалтууд орсон юм. 

      Хууль хүлээн авах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Шадар сайд У.Хүрэлсүх болон УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, МУЗН-ийн Ерөнхийлөгч Н.Энхболд, УИХ-ын Аюулгүй Байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, НҮБ-ын суурин төлөөлөгч зэрэг хүмүүс оролцож үг хэллээ. Мөн Онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүн оролцсон.

      Гамшгаас хамгаалах хуулийн ач холбогдол хийгээд түүнийг хэрэгжүүлэхэд анхаарах, хамтран ажиллах талаар санал бодлоо илэрхийлж, хуулийг батлахад чухал үүрэг гүйцэтгэсэн, хэрэгжүүлэхэд голлох үүрэг хүлээж буй төрийн болон төрийн бус байгууллагуудыг шагнаж урамшууллаа.   Гамшгаас хамгаалах тухай хуулийг боловсруулах, батлах үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон МУЗН, Шадар сайдын ажлын алба, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газарт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж талархал гардуулсан юм.

 

 

      УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, МУЗН-ийн Ерөнхийлөгч Н.Энхболдын хууль хүлээн авах  ёслолын үйл ажиллагаан дээр хэлсэн үгийг хүргэж байна.

Н.Энхболд :  МУЗН нь гамшгаас хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулахад  төрдөө нэмэлт хүч болон ажиллана

 

            Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо!

Онцгой байдлын байгууллагын албан хаагчид аа!

Олон улсын болон үндэсний хүмүүнлэгийн байгууллагын элч, төлөөлөгчид өө!

Та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлж, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагааны улмаас гамшгийн аюул, түүнээс учрах хохирол жил бүр өсөн нэмэгдэж, улс орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжил, хүн амын амьжиргаанд сөрөг нөлөө үзүүлж байна. Үүний эсрэг улс орнууд нэгдэн дэлхийн тогтвортой хөгжлийг хангах, гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг багасгах, дасан зохицох чиглэлээр үүрэг, хариуцлага хүлээж, дэлхий нийтээр баримтлах бодлогын баримт бичгүүдийг батлан гаргаж, улс орон бүр гамшгаас хамгаалах эрх зүйн орчноо боловсронгуй болгоход анхаарч байна.

Монгол Улсын Их Хурлаас энэ оны 2 дугаар сард Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа.

Гамшгаас хамгаалах тухай хуулийг шинэчлэн баталснаар гамшгаас хамгаалах үйл ажиллагааны эрх зүйн орчин боловсронгуй болж, гамшгийн эрсдэлийг бууруулах замаар Монгол улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах таатай нөхцөл бүрдэж байна.

Гамшгаас хамгаалах /урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох цогц арга хэмжээ/, хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах үйл ажиллагааны эрх зүйн орчин бүрдэж, нийгэм, эдийн засгийн дараах эерэг үр дагавар гарах болно:

  1. Гамшгаас хамгаалах удирдлага, зохицуулалтын механизм бүрдэж, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоо нэмэгдэнэ.
  2. Гамшгаас урьдчилан сэргийлэх ажиллагаа эрчимжиж, гамшгийн эрсдэл буурна.
  3. Гамшгийн үеийн хүмүүнлэгийн тусламжийн зохицуулалтыг энэ хуульд шинээр оруулж өгсөн тул хүмүүнлэгийн тусламжийг зохицуулахтай холбогдон гардаг хүндрэл, бэрхшээл арилна.
  4. Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэл, бүтэц зохион байгуулалт илүү тодорхой болж байна. Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хор уршгийг арилгах, улсын нөөц-хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааны шуурхай байдал хангагдаж, үр дүн нэмэгдэнэ гэж үзэж байна.

Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд МУЗН-ийн гүйцэтгэх үүргийг хуульчилж өгсөн. МУЗН нь гамшгаас хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэхэд хууль тогтоомжийн хүрээнд төрдөө нэмэлт хүч болон ажиллана.

Мөн МУЗН нь Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүд, Холбоонд хандан гамшгаас хамгаалах хүмүүнлэгийн тусламж хүсэх, хүлээн авах  үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх үүрэг хүлээж байна.

Гамшгаас хамгаалах тухай хуулийг бүх шатанд үр дүнтэй бүтээлчээр хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн Газар, Онцгой байдлын ерөнхий газар болон манай орны бүх  байгууллага, аж ахуй нэгж, иргэдэд уриалж байна.

 

Та бүхэнд ажлын амжилт хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.