Нийтэлсэн өдөр: 2017.03.07, мягмар
Монголын улаан загалмай нийгэмлэг, Цус сэлбэлт судлалын үндэсний төв болон Aim4r production “The Stage” агентлаг хамтран сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх, залуучуудын дунд цусны донорыг нэмэгдүүлэх, Клуб-25 шинээр байгуулж, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх, донорын үйлсийг олон нийтэд сурталчлах, цусны доноруудыг алдаршуулах, урамшуулах чиглэлээр сар бүр тогтмол аян өрнүүлж ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү ёслолын үйл ажиллагаа Цус сэлбэлт судлалын үндэсний төвд зохион байгуулагдаж, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н. Болормаа, ЦССҮТ-ийн албаны дарга Б. Алимаа, Aim4r production “The Stage” агентлагийн гүйцэтгэх захирал Э.Батзориг нар гарын үсэг зурав. |
Санамж бичигт сар бүрийн 3-ны “Цусны донорын өдөр”-ийг хамтран зохион байгуулж, цусны доноруудыг алдаршуулах, урамшуулах, цусны донорын эгнээг өргөжүүлэх сургалт, сурталчилгааг олон талт хэлбэрээр зохион байгуулах /Богино хэмжээний кино, тайзны уран бүтээл, цахим болон олон нийтийн хэвлэл мэдээлэл, сургалт/; их дээд сургууль болон аж ахуйн нэгж, байгууллагын хүрээнд 5-10 удаа цусаа бэлэглэх донорын өдөрлөг зохион байгуулахаар боллоо.
Монголын улаан загалмай нийгэмлэг нь уг аяныг сайн дурынханд түшиглэн зохион байгуулах бөгөөд аяны хүрээнд зохион байгуулалтын баг байгуулж, санхүү болон аргачлалаар ханган шинээр Клуб-25 байгуулах, идэвхжүүлэх, цаашид тогтмол үйл ажиллагааг явуулахад нь дэмжлэг үзүүлэх юм.
Харин Цус сэлбэлт судлалын үндэсний төв нь энэхүү санамж бичгийн дагуу аяны хүрээнд зохион байгуулж буй аливаа үйл ажиллагааг өөрийн байр болон боловсон хүчин, үйл ажиллагааны холбогдох чиглэлээр дэмжиж оролцох бөгөөд төслийн аяны үр дүнг хадгалах, идэвхжүүлэх ажлыг цаашид тогтмолжуулахад анхаарч ажиллахаар боллоо.
Хамтын ажиллагааны гуравдагч тал болох Aim4R production “The Stage” нь энэхүү санаачилгыг дэмжиж, олон нийтэд мэдээллийг бүтээлч байдлаар хүртээл болгоход бүхий л бололцоогоор ажиллах бөгөөд богино хэмжээний кино, тайзны уран бүтээл хийх болон цахим хаягийг хариуцан ажиллах юм.
Энэ үеэр 83 удаа цусаа бэлэглэсэн О.Одбаяр, 73 удаа цусаа бэлэглэсэн Р.Чинзориг нарт хүрэл донорын өргөмжлөл гардууллаа. Мөн 10 удаа, 20 удаа цусаа өгч таарсан Э.Цогтгэрэл, Н.Дэлгэрдалай нарт Бахархлын тэмдэгээр шагнав.