ЗУДАД НЭРВЭГДСЭН МАЛЧДАД ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭВ

Нийтэлсэн өдөр: 2017.03.03, баасан

 

       2016 оны өвөлжилт хаваржилт хүндэрч, зудын аюулд өртсөн малчдад туслах олон улсын уриалгыг Монголын улаан загалмай нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооноос хамтран зарласан билээ.

 

       2016 оны 11 дүгээр сараас эхлэн 17 аймгийн 156 суманд өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч, малчдад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх нэн шаардлагатай болоод байна.

 

       Зуданд нэрвэгдсэн бүс нутагт 157,000 иргэд амьдарч байна. Эхний шатанд хүмүүнлэгийн тусламжийг өвөлжилт хүндэрсэн Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг 5 аймгийн 55 сумын нийт 1,740 өрхөд үзүүлэхээр төлөвлөсний дагуу 2 сарын 23-наас эхлэн Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Гамшгийн үеийн яаралтай сангаас  Хөвсгөл, Завхан, Увс, Сэлэнгэ аймгийн 1000 малчин өрхөд, 2 сарын 24-нөөс  АНУ-ын Олон улсын  хөгжлийн агентлаг (USAID)-аас Увс, Ховд аймгийн 740 өрхөд бэлэн мөнгө тараагдаж эхэллээ.

 

       Нэг малчин өрхөд 100 ам.доллартай тэнцэх 245,000 төгрөгийн бэлэн мөнгөний тусламжийг “Хаан” банкаар дамжуулж олгож байгаа бөгөөд тусламжинд хамрагдсан 55 суманд нийт 110 СДИ (нэг суманд 2) ажиллаж, мөнгө тараалтын үйл явцад хяналт үнэлгээ, зохицуулалт хийж байна.

 

       Мөнгө тараагдаж эхэлснээс хойш санал хүсэлтийн 98-106-106 утсанд баярласан талархсанаа илэрхийлсэн дуудлага, мессэжүүд ирсээр байна. Цагаан сарын дараа эрүүл мэндийн анхны тусламжийн багцыг малчин өрхөд олгох юм.


Хүмүүнлэгийн тусламжид хамрагдсан нийт 1740 өрхийн мэдээллийг хавсаргав.