Нийтэлсэн өдөр: 2017.02.16, пүрэв
МУЗН-ийн Гамшигтай тэмцэх багийн ажилтнууд болон Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Гамшигтай тэмцэх багийн ажилтнууд Хөвсгөл, Өвөрхангай аймгуудад ажиллаад ирлээ.
Хөвсгөл аймагт ажилласан баг өвөлжилт хүндэрч буй сумдад очиж, газар дээр нь нөхцөл байдалтай танилцах, нөгөө баг өнгөрсөн жил тусламж авсан Өвөрхангай аймгийн зарим сумдын малчин өрхөөр орж, уулзаж үнэлгээ хийлээ.
Өвөрхангай аймгийн Нарийнтээл, Уянга суманд МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, тус нийгэмлэгийн Гамшгийн менежментийн хөтөлбөрийн багийн ахлагч Б.Даваажаргал, ажилтан Г.Сургармаа, хэвлэлийн төлөөлөгч Д.Батзаяа нар болон ОУУЗУХСНХ-ны Яаралтай үеийн тусламжийн багийн зөвлөх Glenn, Ази номхон далайн гамшигтай тэмцэх багийн гишүүн Farook Rahmad нар ажилласан байна.
Өвөрхангай аймагт өнгөрсөн жил өвөлжилт хүндэрч 300 гаруй малчин өрх тусламж хүртжээ. Эдгээрээс 100 айлд хүнс бэлэн мөнгөний, 200 айлд нь 192 000 төгрөгийн тусламж хүртсэн. Үнэлгээний баг ажилласан тус аймгийн Нарийнтээл сумын 15 өрх, Уянга сумын 13 өрх өнгөрсөн жилийн хүмүүнлэгийн тусламжид хамрагджээ.
Нарийнтээл сумын тусламж хүртсэн малчин өрх Г.Даваасүрэнгийнд очсон. Тэрбээр эхнэр хүүгийн хамт амьдардаг ажээ. Эднийх бэлэн мөнгө болон хүнсний тусламж авсан байна. Г.Даваадоржийнх 50 гаруй ямаатай, бод малгүй ажээ. Өрхийн сарын орлого нь тэтгэвэр болох 250 000 төгрөг ажээ. Мөн өнгөрсөн жилийн зудад хамаг бод малаа алдсан, улмаар өндөр настны шалгуурт багтаж тусламж авсан байна. Улаан загалмайн хүмүүнлэгийн тусламж болох шуудай гурил, будаа, наранцэцэгийн тос зэрэг багц нь сарын хүнсний хэрэглээгээ хангахад ихээхэн дэм болжээ. Мөн гэрийн эзэн тухайн үед эмнэлэгт эмчлүүлж байсан учраас мөнгөн тусламжаа эм тарианд зарцуулсан гэж байв.
ОУУЗУХСНХ болон МУЗН-ийн гамшигтай тэмцэх багийн ахлагч, ажилтнууд энэ мэтчилэн түүвэр судалгаа хийж, хоёр суманд нийт 6 малчин өрхөөр орлоо. Хүмүүнлэгийн тусламж тухайн цаг үедээ амьдрал ахуйд нь хэрэг болохоос гадна сэтгэл санааны дэмжлэг өгсөн тухай тусламж хүртэгсэд ярьж байв. Мөн цаашид ямар хугацаанд, ямар хэлбэрээр, ямар тусламжийг өгч байвал амьдралд дэм болох талаар иргэдтэй ярилцлаа. Бэлэн мөнгө, хүнсний тусламж хэрэгтэй боловч, гутал, хувцас ч хэрэгтэй талаар ярьж байв. Тусламж хүртсэн айлын зарим нь өнгөрсөн оны 7 дугаар сард бэлэн мөнгөний тусламжаа авчээ. Хаан банкаар дамжиж тараагдсан бэлэн мөнгөний тусламжийг эзэнд нь хүргэхийн тулд багагүй саад гарсан байна. Тухайлбал, иргэний бүртгэл зөрснөөс цаг хугацаа алджээ. Мөн мал төллөж, ид нөхцөл байдал хүндэрсэн үед малчин сумын төв орж тусламжаа авч чадалгүй, цаг дулаарахаар ирж авсан ч байна.
Тиймээс тусламжийг цаг хугацаанд нь хүртээхээс эхлээд хаанаас хэн өгч байгааг нь тодорхой тайлбарлах хэрэгтэй ажээ. Зарим тусламж авсан өрх “сумын Засаг дарга л утасдаад өгсөн” гэх зэргээр ярьж байв. Гэхдээ өнгөрсөн өвлийн тусламж хүрэх эзэндээ хүрсэн нь хамгийн чухал байв. Өвөрхангай аймгийн Арвайхээр, Уянга, Нарийн тээл сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нартай уулзалт хийж, өнгөрсөн болон энэ жилийн цаг агаарын нөхцөл байдал болон хүмүүнлэгийн тусламжийг хэрхэн тараасан тухай ярилцлага хийв.