Нийтэлсэн өдөр: 2016.12.05, даваа
12 дугаар сарын 3 хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр. МУЗН-ийн үндсэн 4 хөтөлбөрийн үйл ажиллагаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандсан үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн.
Энэхүү өдрийг тохиолдуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүмүүнлэгийн тусламж түгээх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоотой хамтран ажиллах гэрээг байгууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг аливаа гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, эрүүл мэнд, анхны тусламжийн сургалтыг зохион байгуулах, тусгай сургуультай хамтран ажиллаж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг чадвар олгох, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бие даан амьдрах арга ухаанд сургах, тэдэнд хүмүүнлэгийн тусламж олгох, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлэх зэргээр МУЗН ажиллах юм.
Харин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоо нь байгалийн гамшигт нэрвэгдсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг илрүүлж, МУЗН-ийн тусламж дэмжлэгт хамруулах, орон нутаг, дүүрэг дэх хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-ын салбарыг МУЗН-ийн үйл ажиллагаатай уялдуулах, удирдлагаар хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд улаан загалмайн хөдөлгөөнийг өрнүүлэх, иргэдийг идэвхжүүлж ажиллахаар боллоо.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбооны Ерөнхийлөгч, Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав хэлэхдээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зөвхөн дэмжлэг тусламж хүртдэг хүмүүс биш юм. Бид улс орны хөгжлийн төлөө, хүмүүнлэг энэрэнгүй нийгэм байгуулахын тулд хамгийн идэвх зүтгэл гарган ажиллах ёстой. Ийнхүү ажиллах сэтгэл зүтгэл биднээс илүү гарч, эмзэг байдалд буй иргэддээ туслах, хүмүүнлэг үйлсийг дэлгэрүүлэх, хүүхэд залуучуудыг хүмүүнлэгийн үйлсэд татан оролцуулахад манлайлахын тулд МУЗН-тэй хамтран ажиллах болсондоо талархалтай байна гэв.
Мөн энэхүү өдрийг тохиолдуулаг МУЗН хөгжлийн бэрхшээлтэй 10 гаруй иргэдэд хүмүүнлэгийн тусламж хүргэлээ.