Удирдах зөвлөл, Санхүү, Дүрмийн хороодын гишүүд оролцсон өргөтгөсөн хуралдаан боллоо

Нийтэлсэн өдөр: 2016.11.02, лхагва

       Монголын Улаан загалмай нийгэмлэгийн Үндэсний чуулган хуралдаж, зохион байгуулалтын асуудлаа хэлэлцсэн. Үндэсний нийгэмлэгийн шинэчилсэн дүрмийн дагуу Удирдах зөвлөл болон Санхүү, Дүрмийн хорооны гишүүдийг сонгож баталсан юм. Тиймээс Удирдах зөвлөл, Санхүү, Дүрмийн хорооны өргөтгөсөн хуралдаан боллоо.

 

 

       Хуралдааны эхэнд  сонгогдсон гишүүд  ёс зүйн батламжид гарын үсэг зурах ёслол боллоо. Ёс зүйн баримт бичигт МУЗН-ийн хууль, дүрмийг сахин биелүүлэх, хөдөлгөөний үндсэн зарчимд нийцсэн шийдвэр гаргаж, ил тод нээлттнй ажиллах, нийгэмлэгийн ашиг сонирхлыг өөрийн ашиг сонирхлоос дээгүүр тавихаа илэрхийлж гарын үсэг зурлаа. Мөн хуралдаанаар  Удирдах зөвлөлийн гишүүдийн ажил үүргийн хуваарийг батлав.

 

 

       Үндэсний чуулганаар шинэчлэн баталсан  Монголын улаан загалмай нийгэмлэгийн дүрэм, 2020 он хүртэлх хөгжлийн стратеги төлөвлөгөөг гишүүдэд танилцууллаа. Үндэсний нийгэмлэгийн үйл ажиллагааг ил тод нээлттэй, тогтвортой хөгжүүлэхэд дүрмийн шинэчлэл чиглэгдэж байна. Өнгөрсөн хугацаанд  2020 он хүртэлх  Стратегийг хэрэгжүүлж ирсэн үйл ажиллагааныхаа ололт, амжилт, сургамжид тулгуурлан, дэлхий дахины тогтвортой хөгжлийн зорилтууд, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн хххолбооны үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй уялдуулан МУЗН-ийн Стратеги төлөвлөгөөнд нэмэлт, тодотгол  хийсэн байна. Тухайлбал, “Гамшгийн эрсдэлийг даван туулах чадварыг 1 тэрбум хүнд хүргэхийн төлөө” олон улсын санал санаачилгыг дэмжиж, үндэсний хэмжээнд орон нутаг, байгууллага, аж ахуйн нэгж, олон нийт,  гэр бүл, иргэдэд хүрч ажиллах зорилт дэвшүүлжээ.

 

 

       Үндэсний чуулганы шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл,  Монголын улаан загалмай нийгэмлэгийн 80 жилийн ойг угтсан бүтээлч ажлын төлөвлөгөөг гишүүд хэлэлцэн баталлаа.

       2019 он гэхэд МУЗН-ийн Хүүхэд залуучуудын хөгжлийн төвийг ерөнхий төлөвлөгөөний дагуу барьж байгуулж дуусгаж, спорт цогцолбор, тоглоомын талбай, ариун цэврийн байгууламжийг шинээр барих юм.  Мөн цахилгааны эх үүсвэрийг нэмэгдүүлж, дэд станц байгуулж,  50 хүртэл хүний багтаамжтай өвлийн байр барих,  Цонжин болдог дахь Чингис хааны хөшөөнөөс Хүүхэд, залуучуудын төв хүртэлх 8 км газарт сайжруулсан замтай болох асуудлыг холбогдох байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран шийдвэрлэхээр төлөвлөжээ. Мөн анхны тусламжийн сургалт, мэдээлэл, үйлчилгээний төв барихаас гадна  Дунд шатны Улаан загалмайн хорооны ажлын байрны нөхцөлийг сайжруулах, Булган аймагт УЗХ-ны байр барих, 5 аймгийн Улаан загалмайн хорооны байрыг халаалтын системтэй болгох, Дунд шатны хорооны орлого нэмэгдүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэрэг 10 бүтээлч ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэхээр боллоо.

Удирдах зөвлөлийн гишүүд, тэдний ажил үүргийн хуваарь болон  Санхүү, Дүрмийн хорооны гишүүдтэй танилцана уу.