Гамшгийн эрсдэлийг даван туулах чадварыг тэрбум хүнд хүргэх уриалгыг дэмжиж гарын үсэг зурлаа

Нийтэлсэн өдөр: 2016.10.06, пүрэв

       Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо нь байгалийн гамшиг, гэнэтийн осол, аюул болсон дэлхийн өнцөг булан бүрт хүмүүнлэгийн тусламжийг хамгийн түрүүнд хүргэж, хүний амь нас, эрүүл мэнд, амьжиргааг хамгаалж байдаг.

       Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооноос Гамшгийн эрсдэлийг даван туулах чадварыг тэрбум хүнд хүргэх олон улсын уриалга гаргасан юм.

       Гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангахад зарцуулсан хөрөнгө оруулалт нь гамшгийн үед гарах хохирлыг үлэмж багасгах, хүний амь нас, амьжиргааг хамгаалж үлдэх боломжийг бүрдүүлдэг.

       Тийм учраас Монголын улаан загалмай нийгэмлэг гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чадавхиа сайжруулахын тулд Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Холбооноос анх санаачилсан “Гамшгийн эрсдэлийг даван туулах, тэсвэртэй байх чадварыг Нэг тэрбум хүнд хүргэхийн төлөө” олон улсын уриалгыг бүрэн дэмжиж байгаа юм.

       Энэхүү  уриалгыг дэлхийн олон орны Үндэсний нийгэмлэг, төр засгийн төвшинд дэмжин гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чадавхиа сайжруулахын төлөө ажиллаж байна.

       Монголын Улаан Загалмай Нийгэмлэг нь Олон Улсын Улаан Загалмай Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Холбоонд 1959 онд элссэн, 84 дэх гишүүн байгууллага бөгөөд гамшгийн эрсдэлийг даван туулах чадварыг Монгол улсын өрх бүрт хүргэхийн төлөө байгууллага, аж ахуйн нэгж, орон нутгийн засаг захиргааны байгууллагуудтай хамтран ажиллах зорилт дэвшүүлэв.

       Энэхүү санаачилгыг дэлхийн  улс орнуудын бодлого тодорхойлогч, шийдвэр гаргагч удирдагчдад хүргэж, тэдний дэмжлэгийг авч, 190 орны Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Үндэсний Нийгэмлэгүүдийг нэгэн зорилгын дор амжилттай нэгтгэн ажиллаж буй  ОУУЗУХСНХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Элхаж Эс Сюгийн Монгол Улс дахь айчлалын үеэр энэхүү ёслолын ажиллагааг зохион байгуулж байна.   Ноён Элхаж Эс Сю энэхүү уриалгыг Монгол Улсын Засгийн газар болон төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгжийнхэн дэмжиж гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцлоо.

       Цаашид  Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооноос Монголын улаан загалмай нийгэмлэгийн хүчин чадлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх зорилготой хамтран ажиллаж байна.

       Гамшгийн эрсдэлийг олон нийтэд оролцоонд тулгуурлан бууруулах үндэсний хөтөлбөрийг Засгийн газраас батлан хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар, Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хамтарч Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоотой өргөн хүрээнд хамтарч ажиллана.

       Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлаа хангахад орон нутгийн удирдлага, иргэд, олон нийтийн санаачилга, хамтын ажиллагааг дэмжих, урамшуулах хөшүүрэг бий болгох нь чухал.

       Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, Монголын улаан загалмай нийгэмлэгээс гаргаж буй санаачилга, үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн газраас дэмжиж байна.

 

Тоон үзүүлэлт

 

-Өнөөдөр дэлхий дахинд байгалийн гамшгийн давтамж нэмэгдэж, түүнд олон сая хүн өртөж, / ОУУЗУХСНХ-ны судалгаагаар/ сүүлийн 10 жилийн байдлаар дэлхий нийтэд 6300 гаруй удаагийн их, бага хэмжээний байгалийн гамшиг тохиолджээ.

 

       2015 оны судалгаагаар жилд Африк тивд 98, Америк тивд 109, Азид 225, Европд 77, далайн орнуудад 11 удаагийн байгалийн гамшиг тохиолдсон байна.  Үүнд жил дотор  14 мянга гаруй хүн зөвхөн байгалийн гамшгийн улмаас нас барсан байна. Хамгийн олон буюу  ази тивд 2008 онд 235 мянга гаруй хүн нас барсан байна.  Эдийн засгийн хохирол нэг жилд  99 тэрбум 217 сая  ам. долларт хүрсэн байна.

 

Байгалийн гамшиг болоход жилд  шууд өртдөг буюу даван туулах чадвар сул хүний тоо дэлхийд 107 сая 615  хүн байна. / 2014 оны үзүүлэлт/

 

• Монгол орны хатуу ширүүн уур амьсгалтай нөхцөлд зудын эрсдэлийг бууруулах, зуданд өртсөн малчдын амьжиргааг дэмжихэд Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо анхаарлаа хандуулж, хүмүүнлэгийн тусламж үзүүлж ирсэн.  Өнгөрсөн өвөл       өвөлжилт хүндэрсэн 17 аймагт зудын эрсдэлийг бууруулах, малчдад туслах хүмүүнлэгийн үйл ажиллагаанд Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, Үндэсний нийгэмлэгүүд хамтран нийт 1,6 тэрбум төгрөгтэй тэнцэх хөрөнгө босгож, хүмүүнлэгийн тусламжийг 25,000 орчим хүнд  хүргэсэн байна. 5400 өрхөд  192,000 төгрөг Хаан банкаар дамжуулан олгож, хүнсний тусламж үзүүлсэн юм.