Түншлэл олон улсын уулзалт үр дүнтэй үргэлжилж байна

Нийтэлсэн өдөр: 2016.09.29, пүрэв

       Энэ удаагийн Түншлэл олон улсын уулзалт МУЗН-ийн Эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан хэрэгжүүлж буй, төр-Улаан загалмайн хамтын ажиллагаа шинэ төвшинд үргэлжилж буй онцлог үед болж байна. Мөн МУЗН-ийн хөгжлийн дараагийн  алхамд орж буй онцгой цаг үед тохиов.

        Энэхүү уулзалтад Монгол Улсын төр, засаг ихээхэн ач холбогдол өгч байна. Мөн ОУУЗУХСНХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Түншлэл уулзалтад зорьж ирлээ. Уулзалтад  Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын яамны дэд сайд Ё.Отгонбаяр, Онцгой байдлын газрын дэд дарга Ц.Ганзориг  нар оролцож үг хэллээ.

 

       ОУУЗУХСНХ, ОУУЗХ болон Финлянд, Австрали, Британи, Япон, Тайван, Солонгос улсын Улаан загалмай нийгэмлэг болон , Катар, Ираны Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны төлөөлөгч зэрэг 20 гаруй хүмүүс болон Монгол Улсад суугаа зарим Элчин сайд, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй НҮБ-ын Хүн амын сан, Хөгжлийн хөтөлбөр, Дэлхийн банк, Мерси Кор, Каритас, Дэлхийн зөн зэрэг олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцлоо.

       Монгол орны хатуу ширүүн уур амьсгалтай нөхцөлд зудын эрсдэлийг бууруулах, зуданд өртсөн малчдын амьжиргааг дэмжихэд Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо анхаарлаа хандуулж, хүмүүнлэгийн тусламж үзүүлж ирсэн.  Өнгөрсөн өвөл өвөлжилт хүндэрсэн 17 аймагт зудын эрсдэлийг бууруулах, малчдад туслах хүмүүнлэгийн үйл ажиллагаанд Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, Үндэсний нийгэмлэгүүд хамтран нийт 1,6 тэрбум төгрөгтэй тэнцэх хөрөнгө босгож, хүмүүнлэгийн тусламжийг 25,000 орчим хүнд  хүргэсэн байна. 5400 өрхөд  192,000 төгрөг Хаан банкаар дамжуулан олгож, хүнсний тусламж үзүүлсэн юм.

       Цаашид  Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооноос Монголын улаан загалмай нийгэмлэгийн хүчин чадлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх зорилготой хамтран ажиллаж байна.

       Монгол Улсын Засгийн газраас Монголын улаан загалмай нийгэмлэгийн Эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тогтоол гаргаж, Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны зөвлөлийг үндэсний болон орон нутгийн түвшинд байгуулсныг ОУУЗУХСНХ талархан дэмжиж байна. 

       Гамшгийн эрсдэлийг олон нийтэд оролцоонд тулгуурлан бууруулах үндэсний хөтөлбөрийг Засгийн газраас батлан хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар, Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хамтарч Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоотой өргөн хүрээнд хамтарч ажиллана.

       Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлаа хангахад орон нутгийн удирдлага, иргэд, олон нийтийн санаачилга, хамтын ажиллагааг дэмжих, урамшуулах хөшүүрэг бий болгох нь чухал гэж бодож байна.

       Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, Монголын улаан загалмай нийгэмлэгээс гаргаж буй санаачилга, үйл ажиллагааг Засгийн газраас дэмжиж байна.